“Сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу “хар машин”-ыг хакердаж,хүссэн нэр дэвшигчийг ИТХ-ын төлөөлөгчөөр сонгуулж чадна. 2020 оны УИХ-ын сонгуульд энэхүү хакер ажиллагааг туршиж, зарим нэр дэвшигчийг өндөр санал авсан болгож чадсан. Одоо болох сонгуульд ч ялуулж чадна хэмээн амлаж улс төрийн намуудын удирдлага болон зарим нэр дэвшигчдээс их хэмжээний мөнгө нэхсэн тухай гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байна” гэсэн мэдээлэл нийгмийг цочролд орууллаа.
Энэ мэдээллийг ҮАБЗ шалгаж, үнэн, мөнийг нь тогтоох ёстой гэж АН үзэж дараах шаардлагыг тавьж байна.
1. Уг хэргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар нэн яаралтай хэлэлцэх,
2. УИХ-ын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолд яаралтай өөрчлөлт оруулж санал тоолох дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” төхөөрөмж хэрэглэхийг болиулах,
3. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн сонгуулийн саналыг гараар тоолох,
4. Саналаа өгсөн сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ заавал хийдэг болох,
5. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тогтоолын биелэлтийг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах,
Шаардлагыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мөн илгээжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.