БНХАУ-ын Чиндао хотын эмнэлгээс коронавирусийн 12 тохиолдол илэрсэн тул эрүүл мэндийн ажилчид энэ долоо хоногт тус хотын бүх оршин суугч буюу 9 сая хүнд халдварын шинжилгээ хийхээр болжээ.
Үүнээс өмнө Хятад улсад хоёр сарын турш цар тахлын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. Эрх баригчид Чиндаогийн эмнэлэгт дэгдсэн халдварын эх үүсвэрийг судалж байгаа бөгөөд Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос "Хотыг тав хоногийн дотор тэр чигээр нь шинжилгээнд хамруулна" хэмээн мэдэгдсэн байна.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны байдлаар Чиндао хотын эрүүл мэндийн ажилчид 3 сая гаруй хүнд коронавирусийн шинжилгээ хийгээд байгаа бөгөөд одоогоор хариу нь гараад буй бүх 1.1 сая шинжилгээнээс халдвар илрээгүй аж.
Чиндао бол гэр ахуйн цахилгаан хэрэгслийн томоохон үйлдвэрлэгч "Haier" болон "Tsingtao" шар айраг зэрэг компаниудын төв байртай, хөл хөдөлгөөн ихтэй далайн боомт юм. Тус улсын Засгийн газраас сүүлд гарсан халдварын тохиолдлууд аялал жуулчлал, худалдаа наймаатай холбоотой эсэх талаар хараахан тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: Associated Press, Sky News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.