АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар аваад хоёр долоо хоногийн хугацаа хүрээгүй ердөө 10 гаруй хонож байгаа ч олон нийтийн арга хэмжээнд оролцон дэмжигчидтэйгээ уулзлаа.
Флорида мужийн Сэнфорд хотод цугласан мянга мянган дэмжигчдийнхээ өмнө амны хаалтаа тайлан гарсан байна. Тэрээр энэ долоо хоногт дөрвөн ч олон нийтийн арга хэмжээнд оролцож дэмжигчидтэйгээ уулзахаар төлөвлөсөн ба анхных нь Флоридагийн Сэнфордод боллоо. Энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу 15-ны өдөр Трамп АН-ын нэр дэвшигч Жо Байдентай виртуалаар халз мэтгэлцэнэ.
Сонгуулийн санал хураалт явагдахад ердөө гурван долоо хоног үлдээд байна. Даваа гарагт Жо Байден Охайо мужид саатаж дэмжигчидтэйгээ уулзжээ. Үндэсний хэмжээний урьдчилсан санал хураалтаар Байден Трампыг 10 гаруй оноогоор тэргүүлж байгаа.
Трамп коронавирусийн халдвар авсан нь илэрснээс хойш 11 хоногийн хугацаа өнгөрсөн. Түүний хувийн эмч Шон Конли даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг хэлсэн бөгөөд бусдад халдварлуулах эрсдэл бага гэжээ.
Флоридад дэмжигчидтэй уулзах үеэрээ төрийн тэргүүн хөрөнгийн бирж дээрх ханшийн өсөлт, АНУ-ын сансрын хүчний бүтээн байгуулалт, дээд шүүхийн шүүгчдийн амжилттай томилгооны талаар сайшаан магтсан байна. Кампанит ажилд оролцсон олон хүн амны хаалт зүүгээгүй байжээ. Дэмжигчдийнхээ өмнө хэлсэн үгэндээ Трамп “тэд намайг дархлаа сайтай байна гэж хэлсэн. Би маш хүчирхэг мэдрэмжийг авч байгаа. Би та бүхний дундуур алхаж, үнсэж, чанга тэврэх болно” гэжээ.
Флорида муж бол Трампын зайлшгүй ялалт байгуулах ёстой, ялахыг хүсч байгаа маш чухал газар юм. Амьдралынхаа туршид Нью-Йоркод амьдарч байсан Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн есдүгээр сард албан ёсоор Флоридагийн иргэн болжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.