СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-10-13

Монголчуудын босгосон бонд нэртэй өрийн бичгүүд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монгол Улс байсхийгээд л Чингис, Самурай, Мазаалай гэх мэт өвөрмөц нэршил бүхий бонд босгодог. Тодруулбал, 2012 оноос хойш 10 гаруй бонд босгожээ. Нэг ёсондоо, бонд гэдэг нь мөнгийг тогтсон хугацаанд хүүтэй нь хамт эргүүлэн төлөх үнэт цаас буюу өрийн бичиг юм. Бондоор ихэнхдээ төсөл хөтөлбөр, төсвийн алдагдлыг санхүүжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, улсыг дампуурахаас аварч гал унтрааж байгаа хэрэг. Бондуудын хамгийн отгон “Номад” бонд өнгөрсөн сарын сүүлчээр “мэндлэв”. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 2021 онд, нэг тэрбум ам.долларын “Чингис” бондыг 2022 онд төлж барагдуулах ёстой. Харин Номад бондыг босгосноор ирэх хоёр жилд төлөх бондыг сольж, арилжаалсан гэсэн үг. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт буурсан, төсвийн алдагдал өндөр үед бага хувийн хүүтэй бонд гаргаж байгаагаараа онцлог. Монгол Улс “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” гэсэн дөрвөн бондын хүүнд жилд 203 сая ам.доллар төлдөг. Шинэ бондыг сольж арилжаалснаар 176.4 сая ам.доллар төлөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл, нэг жилд гадаад бондуудаас төлж буй мөнгө 26.7 сая ам.доллар буюу 70 орчим тэрбум төгрөг хэмнэж байгаа аж.

 Мөн “Цаг хугацаа тулсан бондын төлбөрүүд байсан. Ялангуяа бонд төлөх хугацаа ойртоход бонд босгох гэж оролдвол бондын хүү өсдөг. . Ирэх жил ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах хүлээлт үүсгэж, бизнесийн салбарт сөрөг нөлөө үзүүлдэг байсан бол энэ хүлээлт алга болж байна. Дотооддоо бонд гаргахдаа нийтэд санал болгоно. Арилжааны банкуудаас бонд гаргаж, мөнгө татахгүй” гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн юм. Ингээд нэгийг нөгөөгөөр нь төлж ирсэн монголчуудын босгосон бондуудыг тоймлон хүргэе. 

2012 ОН: ЕВРО

Сү.Батболдын Засгийн газар 600 сая ам.долларын бонд босгох зөвшөөрлийг Хөгжлийн банкинд өгснөөр 2012 онд Евро бондыг арилжаалав. 5.75 хувийн хүүтэй, 580 сая ам.долларыг таван жилийн хугацаатай олон улсын зах зээлээс босгосон. Харин эргэн төлөх хугацаа болоход Монголын эдийн засаг хүндэрч Хуралдай бондоор өрийг дарсан.

2012 ОН: ЧИНГИС

Чингис бондоор 1.5 тэрбум ам. долларыг 4.125-5.125 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд арилжаалсан. Энэ нь 2018 онд төлөгдсөн 500 сая ам.доллар, 2022 онд төлөгдөх нэг тэрбум ам.доллараас бүрдсэн юм. Чингисийн эхний өрийг Гэрэгэ бондоор төлсөн байна.

2013 ОН: САМУРАЙ 

Засгийн газраас 2013 оны арванхоёрдугаар сард 30 тэрбум иений бондыг арван жилийн хугацаатай, 1.52 хувийн хүүтэй босгосон. Гадаад валютаар, хаалттай хэлбэрээр Японы үнэт цаасны зах зээлд арилжаалсан. 

2015 ОН: ДИМ САМ 

Нэг тэрбум юань буюу 160 сая долларын бондыг 2015 онд олон улсын зах зээлд арилжаалсан. Дим Сам бонд гурван жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэй. 2015 онд хугацаа нь дууссан Засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэхээр Дим Самыг босгожээ. 

2016 ОН: МАЗААЛАЙ

Төсвийн алдагдлыг нөхөхөөр 2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 10.875 хувийн хүүтэй гаргасан юм. Энэ нь тухайн үедээ хамгийн өндөр хүүтэй бондод тооцогдож байв. 

2017 ОН: ХУРАЛДАЙ

 Евро бондын өрийг дарахын тулд Хуралдайг 2017 онд босгосон. 8.75 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын өрийг 2024 онд төлнө гэж мэдэгдэж байв. Ингэхдээ үндсэн төлбөр хийгдэх хүртэл гэрээний дагуу хагас жил тутам 26 сая 250 мянган ам.долларын хүү төлж байна.

2017 ОН: ГЭРЭГЭ

Чингис болон Дим Сам бондын өрийг төлөх зорилгоор Засгийн газар гурван жилийн өмнө 5.5 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 800 сая ам.долларын Гэрэгэ бондыг арилжаалсан байна. Бондын эргэн төлөлтийг 2023 онд хийнэ. 

2018 ОН: ХӨГЖЛИЙН БАНК 500 САЯ ДОЛЛАР

Хөгжлийн банк олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын шинэ бондыг Засгийн газрын баталгаагүйгээр олон улсын зах зээлээс анх удаа босгов. Шинэ бондоо таван жилийн хугацаатай 7.25 хувийн купонтой, 7.5 хувийн өгөөжтэй арилжаалжээ.

2019 ОН: “МИК ОССК” 250 САЯ ДОЛЛАРЫН БОНД

Монголын ипотекийн хоёрдогч зах зээл дээр үйл ажиллагааа явуулагч “МИК ОССК” ХХК (МИК) гурван жилийн хугацаатай, 9.75 хувийн хүүтэй 250 сая ам.долларын бондыг олон улсын санхүүгийн зах зээлд арилжлаа.

2020 ОН: НОМАД БОНД

Олон улсын зах зээл дээрээс 600 сая ам.долларын шинэ бонд босгов. Номад бонд 5.125 хувийн хүүтэй байх бөгөөд 5.5 жилийн хугацаатай. Монгол Улсын дансанд мөнгө орж ирэхгүй ч өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажил хийсэн гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, 2016 онд босгосон “Мазаалай” бондын жилийн 10.872 хувийн хүү, 2012 оны “Чингис бонд” 5.125 хувийн хүүгийн төлбөр буурах юм байна.

С.УЯНГА

2020.10.13 МЯГМАР № 198 (6423)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.