СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2020 | 2020-10-16

Д.Пүрэвдаваа: Тэгш бус байдлыг арилгах ёстой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваатай уулзаж, ярилцлаа.

-Орон нутгийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэ сонгуульд АН нэлээд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа болов уу. Яагаад гэвэл тэнцвэртэй, хяналттай төрийг бий болгох хэрэгтэй байна гэж сонгогчид хүртэл хүсэж байна. АН сонгуульд хэрхэн бэлтгэж байна вэ?

-АН сонгууль бүрд ач холбогдол өгч оролцдог. Сонгууль бол ардчилсан Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх үйл явц. Ардчилсан нам бүх шатны сонгуульд хариуцлагатай ханддаг. Аль болохоор иргэндээ ээлтэй, тэдэн рүү чиглэсэн мөрийн хөтөлбөр боловсруулж, үйл ажиллагаа явуулдагаараа онцлог улс төрийн хүчин. Энэ удаагийн сонгууль их онцлогтой. Нэгдүгээрт, цар тахлын үед зохион байгуулж байна. Эдийн засаг, нийгмийн олон асуудал гарч ирлээ. Хоёрдугаарт, УИХ-ын сонгууль олон эргэлзээг дагуулсан. Та бүхэн санаж байгаа бол гуравхан сарын өмнө УИХ-ын сонгуулийн дүн гарахад телевиз үзэж байсан иргэд хараад шууд дамжуулалт мөн үү гэдэгт эргэлзсэн. Сонгуулийн хэсгийн хорооноос дүн ирээгүй байхад дэлгэцэнд дүн ирсэн, тэдэн хүний санал авсан гэж гарах жишээтэй. Улс төрийн сонгууль шударга, ил тод болох ёстой. Гэтэл өөр нэг эргэлзээтэй зүйл гарч ирсэн нь санал авах хуудсыг хууль зөрчсөн байдлаар гаргасан.

Саналын хуудас хэн нэгэн хүн хувилах, хаа нэг газар хэвлэх боломжгүй байхаар нууцлалтай байдаг. Гэтэл УИХ-ын сонгуулийн саналын хуудсанд нууцлал хийгээгүй. Дээрээс нь нэг хүн олон удаа санал өгөхөөс сэргийлдэг хурууны бэхэн тэмдэглэгээг хийсэнгүй.

Орон нутгийн сонгуулиар ч ашиглахгүй. Энэ бүхнээс үүдээд орон нутгийн сонгуульд иргэд санал өгөхдөө итгэлтэй биш байна. Дахиад л янз бүрийн асуудал үүсэж, санал луйвардах вий гэж болгоомжилж байгаа. УИХ-ын сонгуулиар янз бүрийн л эргэлзээтэй асуудал үүссэн. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Буруутай хүн олдоогүй.

Ийм нөхцөлд эрх баригчдаас бусад намынхан яаж сонгуульд оролцох юм бэ.  Сая сонгуулиар 10 хүн тутмын 4 нь л Ардын намд саналаа өгсөн. Үлдсэн 60 хувь нь саналаа бусад намууддаа хуваагаад өгчихсөн. Тийм учраас эрх баригч нам УИХ-д 62 суудал авч, гүйцэтгэх засаглалыг 100 хувь томилсон. Үүнээс харахад, иргэдэд төрд итгэх итгэл алга болчихож. УИХ-ын гишүүд нэр хүндгүй болчихсон. Явуулж байгаа үйл ажиллагаа бүр нь шүүмжлэлд өртдөг. Үүнээс улбаалаад улсын хөгжлийг маш их хойш нь татдаг.

. Нэгдсэн байдлаар сонгуульд оролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид эрх баригч намын арга мэхэнд ороод байна гэж үзсэн. Жишээ татъя, УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байх үед буюу зургадугаар сарын 25-ны өдөр орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулах ёстой гэсэн хуулийн заалт оруулсан. УИХ-ын сонгуульд ид өрсөлдөж байгаа намууд орон нутгийн сонгуульд эвсэж орох уу, яах вэ гэдгийг ярих нөхцөл байдалд байх уу.

-Үндсэндээ сонгуульд яаж оролцох вэ гэдгээ бодож тунгаах ч нөхцөл үлдээлгүй, боломжийг нь хааж байна гэсэн үг үү?

-Ерөөсөө л тийм. Зургадугаар сарын 29-ний өдөр УИХ-ын сонгууль болох гэж байхад 25-ны өдөр намууд мөрийн хөтөлбөрөө хянуулна гээд хуульчилчихаж байгаа юм. Намууд эвсэх, дараагийн сонгуульд яаж оролцохоо ярилцах боломжийг нь хуулийн аргаар хаасан. Намуудад боломж олгох ёстой биз дээ. УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдсөн хүн орон нутгийн сонгуулиар аль нэг улс төрийн хүчнээс нэр дэвших сонирхолтой ч байсан юм уу, тийм ээ. Яг ид сонгууль болж байхад орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөр танилцуулна гэхээр наад зах нь бие дааж өрсөлдсөн хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа юм. . АН-аас дэмжиж оролцоно, бид санал хуваахгүй гэсэн. МАХН-д 45 хүн нэр дэвшүүлэх боломж байсан. Гэхдээ бид ялахын тулд МАХН хүнээ нэр дэвшүүлж байгаа тойрогт АН хүн нэр дэвшүүлэхгүй. АН-ын нэр дэвшигч өрсөлдөх тойрогт МАХН-ын төлөөлөл өрсөлдөхгүй байхаар хамтарч ажиллаж байна. Дээрээс нь ШИНЭН-ын гишүүд АН-ын гишүүн болж, нэр дэвшсэн гэх мэтээр орон нутгийн сонгууль онцлогтой байна.

-УИХ-ын сонгуулийн өмнө АН-ын шинэчлэл ярьсан олон залуучууд гарсан. Мундаг залуучууд ч их байсан. Тэд үүрэг, хариуцлагаа үүрч, орон нутгийн сонгуульд өрсөлдөх болов уу гэж харж байлаа. УИХ-ын сонгууль өрсөлдсөн, тодорхой хэмжээнд олон танигдсан цөөнгүй залуучууд бий. Тэд ч бас үүрэг хариуцлага хүлээх болов уу гэж санасан. Гэтэл өрсөлдсөнгүй. Наад захын жишээ татахад, С.Эрдэнэболд гэх зэрэг залуучууд байгаа шүү дээ. Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөд ялалт байгуулах магадлал өндөртэй. Нэр дэвшигчдийг шалгаруулах шалгаруулалтаа яаж хийсэн юм бэ. Тэр залуучууд өөрсдөө өрсөлдөхгүй гэсэн юм болов уу?

-21 аймаг, 9 дүүрэг, нэмэх нь нийслэлд нэр дэвшиж өрсөлдөнө. Маш олон газар манай залуучууд нэр дэвшиж байгаа. Одоо АН-д дараагийн үе гараад ирсэн гэж хэлж болно. 35-45 насны идэр залуучууд нэр дэвшиж байна. 1975-1985 оны хооронд төрсөн, туршлага, мэдлэг, чадвартай, орон нутагтаа танигдсан залуучууд нийслэлийн АН-аас нэр дэвшиж байгаа.  Олонд танигдсан хүмүүс нь яагаад нэр дэвшсэнгүй вэ гэж асууж байна. Олон шалтгаантай. Нам доторх хамтын шийдвэр гаргадаг. Нэг хэсэг хүн л УИХ-д ч, орон нутагтаа ч нэр дэвшээд байвал учир дутагдалтай. Зарим залуучууд санхүүгийн хувьд ачаалал үүрчихсэн.

УИХ-д нэр дэвшихэд ямар их зардалтай билээ. Аудитын газраас зардлын хэмжээг хэд гэж заасан билээ. 700 сая төгрөгт хүрч ч байх шиг. Одоо ч ил болж дээ, олон хүн зардлынхаа дээд хэмжээнд тулгаж мөнгө зарцуулж байна. Их мөнгө зарцуулж байгаа нь том компанитай л хүмүүс байгаа шүү дээ. Өөрийн чинь нэр дурьдсан С.Эрдэнэболд шиг залуучууд их хэмжээний мөнгө санхүү гаргахад хэцүү.

Тухайлбал, . Мань мэт шиг хүмүүст энэ зардал чинь хэцүү шүү дээ. Тиймээс хэвлэлийн хуудсандаа хүрэхгүй, нимгэн тараах материал л цөөн хувиар хэвлэж байх жишээтэй.

-АН хэрвээ орон нутгийн сонгуульд ялбал ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхойлчихсон байгаа байх. Бодлогын гол цөм нь юу вэ. Нийслэлд шийдэх асуудалд толгой дахь үснээс ч их байна?

-Тэгш бус байдлыг л арилгах ёстой. Жишээлбэл, жирийн иргэний болон даргын хүүхэд дэндүү ялгаатай орчинд амьдраад байгаа нь тэгш бус байдаг. Тэгш бус байдлыг л арилгахын төлөө бид хичээх хэрэгтэй. Өнөөдөр баян, ядуугийн ялгаа хэт их болсон. Зарим нь хувийнхаа байшин руу төрийн мөнгөөр засмал зам тавиулж байна. Гэтэл хүлцэнгүй байснаараа гэр хорооллын иргэд хохирчихсон. . Тэнд бизнесийн орчин байхгүй, ажилгүйдэл, ядуурал их байгаа. Тийм байхад Улаанбаатарт ирээд, ах, дүүгээ бараадаж, гэр хороололд буухгүй гээд яах юм. Төр иргэдээ зүгээр л хаячихсан. Тиймээс бид иргэнийхээ орлогыг л нэмэгдүүлэх ёстой. Өнөөдөр зээлгүй хүн Монголд алга. Сард олж байгаа орлого нь зарлагаа давахгүй байгаа учраас хэн нэгнээс, эсвэл банкнаас зээл авч байна. Улаанбаатар хотын иргэдийн 60-70 хувь нь гэр хороололд, хэцүү нөхцөлд амьдарч байгаа.

Гэтэл нэг хэсэг нь хэтэрхий их баяжчихсан. Улаанбаатарт хоёр хот байна. Зайсан гэдэг нэг хот, гэр хороолол гэдэг өөр нэг хот байгаа. Энэ байдал цаашид даамжрах юм бол Улаанбаатар хотын ирээдүй юу болох юм. . Өнгөрсөн хугацаанд энэ төрийн удирдлагууд аж ахуйн нэгжүүдэд ашигтай л шийдвэр гаргаж ирсэн. Нэг орон сууцны хороолол барихад зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байхгүй. Иргэн рүү чиглэсэн биш аж ахуйн нэгжүүдийг л дэмжсэн бодлого л барьдаг. Төр зөвшөөрөл өгөхдөө зүгээр л нэг өндөр байшин барихыг дэмжээд байна. Одоо энэ хотоо хар л даа. Хонгконг биш дээ, бид чинь газартай улсын иргэд биз дээ.  Хэрвээ ардчилсан үзэлтэй хүмүүс төр барьвал энэ тэгш бус байдлыг л арилгахын төлөө ажиллана.

-Тэгш бус байдлыг арилгана гэдэг чинь хэт ерөнхий байна. Бага орлоготой хүмүүсийнхээ орлогыг нэмэх юм уу. Гэр хороолол руу дэд бүтэц татах уу. Ямар шийдэл нь тэгш бус байдлыг арилгахад илүү нөлөөлөх юм?

-Нэг л зүйл хийлээ гээд асуудал цэгцэрдэггүй. Олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байж л өөрчлөгдөх ёстой. Эхний ээлжинд хотоо олон төвт болгон хөгжүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хот Сүхбаатарын талбай гэх нэг л төвтэй. Төв талбай тойрсон нэг км квадрат талбайд 20, 30 кофе шоп, бүх номын сан, үзвэр үйлчилгээний газрууд байна. Тиймдээ ч төв рүүгээ л чихээд байгаа. Хотын зах руу явахаар тэнд үзвэр үйлчилгээний газар ч байхгүй. Тийм байхад иргэд хотын зах руу явахыг бодох уу.

Хотынхоо төвлөрлийг задлах бодлого барьж, олон төвт хотыг байгуулах хэрэгтэй. Жишээлбэл, Хавдар судлалын болон халдвартын эмнэлэг хотын төвд байна. Мөнгө, санхүүгийн бололцоотой бол Налайх руу гаргах ч юм уу. Мэдээж тэр эмнэлгүүдэд олон хүн ажилладаг, үйлчлүүлдэг учраас хот руу хурдан ирж, очдог нөхцлийг хангах ёстой байх.

Харин байрыг нь дүүргийн эмнэлэг ч юм уу болгочихвол зүгээр. Тэгэхгүй болохоор үндэсний хэмжээний үйлчилгээ үзүүлдэг хоёр том газар нэг дор байна. Нэмээд. Цагаан сараар тэр хавьд юу болдог билээ. Нам гацдаг биз дээ. Энэ мэт төвлөрлийг л задалж, тэлэх бодлого барих хэрэгтэй байна.

-Хотыг тэлж хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байна уу. Эсвэл тийм бодлого хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа юм уу. Та юу гэж бодож байна?

-Энэ тогтолцооны гажуудалтай л холбоотой юм уу даа. Жишээлбэл, Тэр хүн иргэдээс нэг ч санал аваагүй. Тийм дарга иргэдэд биш намдаа л үйлчилнэ биз дээ. Тэр хүний үүрэг нь хотод үйлчлэх биш болсон. Ингэж улс төрийн томилгоо хийхээр дөрвөн жил улс төр л хийдэг болохоос биш иргэн рүүгээ чиглэсэн бодлого нь алдагддаг. Саяхныг болтол сургуулийн захирлыг УИХ-ын гишүүн томилдог. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд сургуулийн захирал томилдог гэдэг нь бараг ил болчихлоо доо. Уг нь тухайн сургуульд явж байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүд өөрсдийнхөө хүссэн захирлыг томилж, ажиллуулах хэрэгтэй биз дээ. Гэтэл шийдвэр эрх баригчдын Бүлгийн хурлаас л гардаг. Энэ өөрөө гажуудал.

УИХ-ын гишүүн сумын сургуулийн дээврийн засварыг хийхийг бараг шийдэж байна. Уг нь тэр чинь орон нутгийн ажил биз дээ. Зүүний үзэлтэй нам төрийг удаан барихаар улам данхайлгадаг, иргэн рүүгээ чиглэсэн ажил хийдэггүй гэх мэтийн сөрөг дагаврууд их байна. Үүнээс л шалтгаалж хот тэлэхгүй байгаа юм.

Тэргүүн эгнээнд хэрэгцээтэй байгаа ажлаа хийе гэхээр анхан шатанд нь эрх мэдэл байдаггүй. Хорооны Засаг дарга юу хийдэг юм бэ гэж иргэд гомдоллодог. Хорооны Засаг даргад нягтлан ч байхгүй, данс байдаггүй юм шүү дээ. . Тэд эрх мэдэлтэй болчихвол "Энд нэг хүн хальтраад уначихдаг юм. Засчихъя. Энэ хэсэг харанхуй, хулгай гараад байдаг юм гэрэлтүүлэгтэй болгоод камер тавьчихъя гээд шийдчихнэ.  УИХ-ын гишүүн тойрогтоо хэзээ очих уу. Тэр хүн очоод, “Аа энд камер тавих хэрэгтэй юм байна” гэж бодоод, оновчтой ажил хийтэл удна даа. Төрийн толгой хэт томорчихсон, хөл нь жижигхэн болчихсон.

-Түгжрэлийг яаж бууруулах вэ гэдэг л ойрын өдрүүдийн хамгийн хурц сэдэв болоод байна. Та хэлсэн байсан, нийтийн тээврийг үнэгүй болгоё гэж. Үнэтэй учраас автобусанд суухгүй байгаа юм биш үү дээ. Хүртээмж нь муу, хүйтэн, тав тухын талаар яриад ч хэрэггүй, зорчигчид нь чихэлддэг гэх мэт шалтгаанаас болоод иргэд автобусанд суухыг хүсэхгүй байна. Та ямар судалгааг үндэслэж тэр саналыг гаргасан юм бол?

-Сүүлийн 30 орчим жил автомашины хэрэглээ дэлхий даяар нэмэгдсэн. Зөвхөн Монголд нэмэгдээд байгаа юм биш. Дэлхийн хотуудын асуудал түгжрэл болсон. Бээжин, Токио, Москва ч тэр. Машины хэрэглээ эрс өссөнтэй л холбоотой. Хүн болгон машин унаад, дагаад дэд бүтцийг нь хөгжүүлж, шийдээд явна гэдэг маш хүндрэлтэй. Шууд хот барих асуудал л дагаж босож ирдэг. . Гэтэл машин хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдээд байдаг. Улаанбаатар хот 500 мянган хүнтэй байхад машин унах боломжтой бүх хүн унаатай байхад асуудалгүй шүү дээ. Гэтэл одоо Улаанбаатар 1.3 сая хүнтэй. Удахгүй 2 сая хүнтэй болох нь ойлгомжгүй. Хүн ам нь өсөхийн хэрээр автомашины тоо нэмэгдэнэ. Бидний хоол хүнсийг түгээдэг машинуудын тоо ч нэмэгдэх нь ойлгомжтой.

Тэгвэл үүний эсрэг дэлхийн хотууд юу хийж байна гэхээр нийтийн тээврийг хөгжүүлдэг. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Өвлийн хүйтэнд цэцэрлэг, сургуулийн хүүхдээ тэврээд автобус хүлээвэл хэцүү биз дээ. Өглөө 07:00 цагт маш хүйтэн байдаг. Хүүхдээ ганцааранг нь явуулах эрсдэлтэй. Энэ бүхнээс үүдээд хүүхдээ хүргэж өгч, авдаг.

Улаанбаатарын онцлогоос шалтгаалаад машинтай явахаас өөр аргагүйд хүрч байна. Тэгвэл энэ онцлогтойгоо уялдуулсан зохицуулалтыг хийх хэрэгтэй.

Дагаад нийтийн тээврээ маш сайн хөгжүүлэх ёстой юм. . Улаанбаатарт 17 нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани байдаг юм билээ. 1000 орчим автобус үйлчилгээнд гаргадаг. Жилдээ 120 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зүгээр л май гээд өгдөг. Нийслэлийн төсөв чинь 1 их наяд гаруй төгрөг байдаг. Түүнийхээ 10 хувийг автобусанд өгч байгаа биз.

120 тэрбум төгрөгийн 30 орчим хувь нь үнэгүй явдаг иргэдийн татаасанд явдаг юм. Гэтэл ямар ч үндэслэлгүй шалтгаанаар сүүлийн 5 жил цаг ашиглалтын мөнгө нь 30 тэрбумаас 80 болтлоо өссөн. Зүгээр цагаа барьж ажилла гэж өгч байгаа л мөнгө.

Энэ мөнгийг л ямар ч үндэслэлгүйгээр нэмчихсэн. 120 орчим тэрбум төгрөг өгөөд, 1000 автобус өдөр болгон явуулж байна. Тэгэхээр чинь угаасаа л автобус үнэгүй явчих боломжтой л юм билээ. Автобусаа үнэгүй болгоод, эргэлтийг нь богино болгочихоор хүмүүс ирсэн нийтийн тээврийн унаа болгонд суугаад яваад байж болно. Би гэнэт л ийм санаа гаргаад ирсэн юм биш. Люксембург, Испани гэх мэт улсуудад хэрэгжүүлээд, амжилтад хүрчихсэн.

-Түгжрэл нь тодорхой хувиар буурсан байх нь уу?

-Маш сайн буурсан. Дээрээс нь нийтийн тээврийн ашиглалт өссөн. Зарим чиглэлийн автобус нь хоосон, зарим нь багтахгүй их хүнтэй байдаг даа. Энэ бол тооцоо судалгаа буруу байгааг л харуулж байна. . Тиймээс ашиглалтаа нэмэгдүүлэхийн төлөө зөв тооцоолол, судалгаа хийх хэрэгтэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.