Тажикистан улсад өнгөрсөн ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Эмомали Рахмон ялалт байгуулсан болохыг тус улсын Сонгуулийн төв хорооны дарга Бахтиер Худоерзода мэдэгдэв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг бүрэн тоолж дууссаны дараа Бахтиер Худоерзода "Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Төрийн тэргүүн Эмомали Рахмон ялалт байгуулж, нийт саналын 90.92 хувь буюу 3,837,000 хүний санал авсан. Сонгуулийн ирц 85.39 хувьтай буюу 4,221,000 сонгогчийг хамруулсан" хэмээн мэдээлжээ.
Аравдугаар сарын 11-ний сонгуульд өөр дөрвөн нэр дэвшигч албан ёсоор өрсөлдсөн хэдий ч Төв Азийн хамгийн ядуу орон гэгддэг Тажикистан улсад бие даасан сөрөг хүчин болон чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаггүй аж. Тиймээс Эмомали Рахмон энэ удаагийн сонгуульд ч мөн ялалт байгуулах нь тодорхой байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Тэрээр 1992 оноос хойш Тажикистан улсын төрийг 28 жилийн турш тасралтгүй барьж байгаа бөгөөд энэ удаад тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульдаа оролцон, ялалт байгуулаад байгаа билээ. Рахмон улсынхаа Үндсэн хуулийг хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд үүний нэг нь 2016 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хязгаарлалтыг халж, өөртөө бүх насаараа төр барих боломжийг олгосон явдал юм.
Түүнчлэн тус улсын Парламентад түүний хүндэтгэлд зориулж шүлэг уншин, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг нартай зүйрлэх нь олонтаа. Тажикистан даяар Рахмоны хөрөг, хэлсэн үгс бүхий зурагт хуудсыг байрлуулсан байдаг. Үүгээр зогсолгүй тус улсын иргэд бүгд олон нийтийн газар Рахмоныг "Чаноби Оли" буюу "Эрхэм дээдэс" гэж хаяглах ёстой гэнэ.
Эх сурвалж: Риа Новости, Deutsche Welle
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.