АНУ-ын Техас мужийн Сидар Парк хотын оршин суугч 17 настай Мэйси Куррин хоёр Гиннесийн дээд амжилтыг эвдэж, дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй болон дэлхийн хамгийн урт хөлтэй өсвөр настнаар тодорчээ. Тэрээр өмнөх дээд амжилтын эзэн болох ОХУ-ын модель, сагсан бөмбөгийн тамирчин Екатерина Лисинагаас 5 см урт хөлтэй аж.
Түүний өндөр нь 208.28 см бөгөөд хөл нь өндрийнх нь 60 хувийг эзэлдэг аж. Гиннесийн албан ёсны бүртгэлд тэмдэглэснээр түүний зүүн хөл нь 134.62 см орчим урттай бол баруун хөл нь арай богино буюу 134.29 см-ийн урттай байна.
Мэйсигийн аав нь 195.5 см-ийн өндөртэй байсан бол ээж нь 170 см өндөр ажээ. Мөн түүний ах нь 193 см өндөр гэнэ. Түүний ээж нь охиноо багаасаа үе тэнгийнхнээсээ хавьгүй өндөр байсан хэмээн ярьжээ. Мөн тэрээр гэнэт огцом өсөөгүй бөгөөд жилд ойролцоогоор 10-13 см-ээр өсдөг байсан гэнэ. Түүнчлэн түүнд таарах өмд огт байдаггүй тул тэрээр үргэлж захиалгаар хийлгэдэг байна.
Ээж нь түүний талаар "Мэйсиг жоохон байхаас нь эхлээд л хүмүүс үргэлж түүн рүү харж, ширтдэг байсан учир энэ нь хэцүү байдаг. Гэвч тэр өөрийн өндөртөө огт түүртдэггүй тул би Мэйсигээр маш их бахархдаг. Тэр одоо өөрийн өндөр болон үзэсгэлэн гоогоороо танигдаж байгаад би үнэхээр их баяртай байна" хэмээн ярьжээ.
Харин Мэйси Гиннесийн амжилтыг эвдсэн сэтгэгдлээ хуваалцахдаа "Би ахлах сургуулийн хоёрдугаар ангиасаа эхлээд хүмүүс намайг юу гэж бодохыг тоохоо больсон. Түүнээс хойш надад юу ч нөлөөлөөгүй. Би өндөр эмэгтэйчүүдийг өөрсдийн өндрөө бэлэг гэж хараасай гэж хүсэж байна. Би тэднийг өөрсдийн өндрөөсөө ичилгүй, бахархах хэрэгтэй гэж үзэж байна" гэсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.