Дэлхийн улс орнуудад ойрын өдрүүдэд өмнө нь бүртгэгдэж байгаагүй их хэмжээний коронавирусийн тохиолдол илэрч, дэлхийн хэмжээнд халдварын шинэ тохиолдлын тоо гурван өдөр тутамд нэг саяар нэмэгдэж байна.
Өнгөрөгч бямба гарагт дэлхий даяар нийт 355,909 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь дөрөв дэх өдрөө дараалан 300 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн явдал юм. Эдгээр шинэ тохиолдлын гуравны нэг нь нэг хэсэг цар тахлыг хяналтдаа аваад байсан Европт гарчээ.
Шинэ коронавирусийн халдварын дэлхий даяарх нийт бүртгэгдсэн тохиолдол өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт 36 сая давсан бол баасан гараг гэхэд 37 сая давсан байна. Харин одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт 1,081,146 хүн цар тахлын улмаас нас бараад байгаа юм.
Сүүлийн хэдэн сарын турш нас баралтын тоогоороо бусад орныг тэргүүлж байсан АНУ-д нийт 8 сая орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, бараг 220 мянган хүн цар тахлын улмаас амиа алджээ. Дэлхийн хүн амын 4.3 хувийг эзэлдэг АНУ-ын иргэд дэлхий даяар коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн 20.3 хувийг эзэлж байгаа аж.
Энэтхэг улсад шинэ тохиолдол болон нас баралтын тоо нэмэгдсээр байна. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын хэмжээ 7 саяыг давж, дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Харин Алс Дорнодод цар тахлын тархалт тогтворжиж, халдварын анхны голомт болох БНХАУ-д нөхцөл байдал бараг хэвийн байдалд шилжээд байгаа байна.
БНСУ өнөөдрөөс эхлэн хөл хорионы түвшнээ бууруулж, шөнийн цэнгээний газруудыг эргэн нээж, спортын арга хэмжээнүүдэд үзэгчид оруулахыг зөвшөөрөхөөр болсон аж. Тэгвэл Европын орнууд эсрэгээрээ хязгаарлалтын дүрэм, журмаа чангатгаж байгаа гэнэ.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.