НҮБ-ын харьяа "Дэлхийн хүнсний хөтөлбөр" байгууллага нь дэлхий даяарх өлсгөлөнгийн эсрэг тэмцэл болон хүнсний аюулгүй байдлын төлөө гаргасан хүчин чармайлтынхаа төлөө 2020 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртжээ. Тус байгууллага өнгөрсөн онд дэлхийн 88 орны бараг 100 сая хүнд тусламж үзүүлсэн байна.
Дэлхий даяар сая сая хүний нэрвэгддэг өлсгөлөнгийн хэмжээ коронавирусийн цар тахлын улмаас улам өсөж байгаа энэ үед улс орнуудын Засгийн газар "Дэлхийн хүнсний хөтөлбөр" болон бусад тусламжийн байгууллагуудад шаардлагатай санхүүгийн дэмжлэг олгох хэрэгтэй гэдгийг Нобелийн хорооноос онцлон, уриалсан юм.
Нобелийн хорооны дарга Берит Рейсс-Андерсен энэ жилийн Нобелийн энх тайвны шагналын эзнийг зарлах үеэрээ "Манай хороо энэ жилийн шагналаар дамжуулан өлсгөлөнд нэрвэгдсэн, мөн өлсгөлөнгийн аюултай тулгараад буй олон сая хүмүүст дэлхийн анхаарлыг хандуулахыг хүсэж байна. "Дэлхийн хүнсний хөтөлбөр" нь хүнсний аюулгүй байдлыг энх тайвны хэрэгсэл болгох олон талт хамтын ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг билээ" хэмээн тэмдэглэжээ.
Тэгвэл "Дэлхийн хүнсний хөтөлбөр"-ийн тэргүүн Дэвид Бисли "Би өмнө хэзээ ч одоогийнх шиг хэлэх үггүй болж байсангүй. Би үнэхээр их цочирдон, гайхаж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Энэхүү шагналын хамт 10 сая крон буюу 1.1 сая ам.долларын мөнгөн шагнал болон алтан медаль ирдэг бөгөөд шагнал гардуулах ёслол Норвегийн Осло хотод үүсгэн байгуулагч Альфред Нобелийн таалал төгссөн өдөр болох арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болох юм. Гэвч энэ жилийн ёслолын үйл ажиллагаа цар тахлын улмаас багахан хэмжээнд зохион байгуулагдах гэнэ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.