БНСУ-д ирэн, коронавирусийн тусгаарлалтад ороод байсан индонези далайчин эр тусгаарлалтын байрныхаа доорх газрыг ухан, зугтсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.
Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, халамжийн яамны хэвлэлийн төлөөлөгч Сон Ёнг-рэ "Сөүл хотын Жүнгү дүүргийн тусгаарлалтын түр байранд байрлаж байсан Индонезийн иргэн аравдугаар сарын 4-ний өдөр нэгдүгээр давхрын гол хаалганы хаалтын хэсгийн газрыг ухаж, оргосон. Энэхүү эрэгтэй хөлөг онгоцны багийн гишүүний визээр хилээр нэвтэрсэн бөгөөд тусгаарлалтын түр байранд есдүгээр сарын 21-нд ороод, аравдугаар сарын 5-нд гарах ёстой байсан. Мөн уг эрэгтэйн шинжилгээний хариу "Сөрөг" гарсан бөгөөд тусгаарлах хугацаанд аливаа шинж тэмдэг илрээгүй" хэмээн мэдэгдсэн байна.
Тус далайчин аравдугаар сарын 4-ний өдөр буюу тусгаарлалтын хугацаа нь дуусахаас нэг өдрийн өмнө оргон зайлжээ. Цагдаа нар түүнийг гурав хоногийн дараа Сөүлээс 112 км-ийн зайд орших Чонжу хотоос баривчилсан гэнэ.
Албаныхан түүний ухаж, малтсан цоорхойг битүүмжилсэн хэдий ч бага зэргийн эвдрэл, гэмтэл илт харагдах аж. Эрх баригчид энэхүү далайчныг Өмнөд Солонгост хууль бусаар оршин суухаар төлөвлөж байсан гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: South China Morning Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.