АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ долоо хоногт Япон, Өмнөд Солонгос, Монгол улсуудад айлчлах ёстой байсан ч Өмнөд Солонгос болон Монгол улсуудад хийх айлчлалаа хойшлуулж Япон улсад саатсан билээ.
Энэ сарын 4-6-ны өдрүүдэд Помпео Япон улсад айлчлаад буцав. Түүний хувьд Японд хийж байгаа энэ айлчлал Энэтхэг-Номхон далайн “дөрвөл”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох өндөр ач холбогдолтой байв. Энэтхэг-Номхон далайн ардчилсан орнууд болох Австрали, Энэтхэг, Япон, Америкийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт бүс нутагтаа эрх ашгаа хамгаалах, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд нэн тустай гэж болно.
Гэхдээ Помпеогийн айлчлал Сөүл, Улаанбаатараар үргэлжлэх ёстой байсан боловч хойшлуулж байгаа гэдгээ айлчлал эхлэхээс ердөө нэг хоногийн өмнө буюу гуравны өдөр мэдэгдсэн. Энэ сарын хоёрны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авсан гэдгийг оношилсны дараа Помпео төлөвлөгөөгөө гэнэт өөрчилсөн. Энэ талаар Төрийн департаментаас мэдэгдэхдээ Төрийн нарийн бичгийн дарга аравдугаар сард багтаж буюу Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж Ази дахь айлчлалаа үргэлжлүүлнэ гэжээ.
Хэдийгээр айлчлалаа хойшлуулсан ч цаг үеийн хувьд онцгой ач холбогдолтой хормыг алдсан хэмээн судлаачид харж байна.
Монголын хувьд Вашингтон Америк-Монголын харилцаанд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа мэт сэтгэгдэл хэдийнээ төрүүлсэн. Айлчлал цуцлагдан, дахин төлөвлөгдсөн ч энэ ойлголт арилахгүй. Зүүн Ази, Номхон далай хэрэг эрхлэх товчооны туслах нарийн бичгийн дарга Дэвид Стилвелл айлчлал дахин товлогдохоос өмнө 2016 онд Жон Керрийг айлчилснаас хойш Монгол улсад айлчилж буй анхны Төрийн нарийн бичгийн дарга бол Помпео гэдгийг онцолсон юм. Уг айлчлал нь Америк-Монголын харилцааг чухалчлан авч үзэж байгаагийн илэрхийлэл хэмээн мэдэгдсэн ч айлчлал цуцлагдлаа.
Монголын гуравдагч хөршийн худалдааны гэрээг АНУ-д удаашруулж байгаад Монголын тал хэдийнээ сэтгэл дундуур байгаа. Монголын ноолуур, нэхмэл даавуун бүтээгдэхүүнийг татваргүй импортлох уг гэрээг 2018 онд Америкийн эрх баригчдад анх танилцуулсан цагаас хойш зогсонги байдалтай үлдсэн. 2019 онд танилцуулсан боловч бүтэлгүйтсэнээр 2020 онд дахин танилцуулах шаардлагатай болж байна. Монгол улс энэ удаагийн айлчлалаар гэрээ хэлэлцээрийг урагшлуулах хүлээлттэй байсан боловч боломжоо алдлаа.
Эцэст нь Помпео айлчлалаа цуцалснаар Монголд үүсээд байсан Хятадын эсрэг үзлийг ашиглах боломжоо алдсан. Хятадын ӨМӨЗО-д монгол хэл бичгийн боловсролыг хязгаарлах шийдвэрт монголчууд дургүйцлээ илэрхийлж, Хятадын Гадаад хэргийн сайд Ван Иг есдүгээр сард Улаанбаатарт айлчлахад эсэргүүцлийн жагсаал цуглаанаар угтан авсан юм. Ван И Монголын Засгийн газрыг энэ асуудал дээр дэмжсэн байр суурь илэрхийлэхэд дарамт шахалт үзүүлсэн өнгө аяс ажиглагдсан. АНУ энэ байдлыг ашиглан Монголын соёлын өвийг хамгаалахад туслах тухайгаа илэрхийлж олон нийтийн дэмжлэгийг авах байсан юм. Хэрэв айлчлал дахин хэдэн долоо хоногоор хойшилбол Помпео энэ талаар байр сууриа илэрхийлэх боломжоо алдаж магадгүй.
Монгол, БНСУ-ууд аль аль нь Хятадаас эдийн засгийн гүн хамааралтай. Тиймээс Америк-Хятадын хүйтэн дайнд аль нэг талыг нь сонгох хэцүү. Хэрэв Америк эдгээр хоёр улсад дарамт шахалтаа хэтрүүлбэл тийм ч таатай уур амьсгал бий болохгүй юм.
Эх сурвалж: The Diplomat
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.