БНСУ-ын Улсан хотын "Samhwan Art Nouveau" нэртэй 33 давхар худалдаа үйлчилгээ болон орон сууцны цогцолборт өнгөрөгч пүрэв гараг буюу аравдугаар сарын 9-ний өдрийн 23:07 цагийн орчимд гал гарчээ. Хүчтэй салхины улмаас гал хэсэгхэн зуурт барилгыг бүхэлд нь хамарч, хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Гал сөнөөгчид түймрийг хоёр цагийн дараа гэхэд хяналтдаа авсан хэдий ч хүчтэй салхины улмаас гал есөн цагийн турш үргэлжилж, өнөөдөр өглөөг хүртэл бүрэн унтраагүй аж. Галын улмаас дор хаяж 88 хүн угаартаж, ойролцоох эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа бол хүний амь эрсдээгүй гэж албаныхан мэдээлжээ.
Аврах ажиллагааны хүрээнд нийт 77 хүнийг барилгаас аюулгүй гаргасан ба тэдний 40 орчмыг нь дээврээс аварсан байна. Гал сөнөөгчид одоог хүртэл цогцолбор дотор байж болзошгүй хүмүүсийг үргэлжлүүлэн хайж байгаа гэнэ.
120 гаруй айл өрх, худалдааны хэсгүүд байрладаг тус барилгын 12 давхарт анх гал гарсан гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа бөгөөд галын шалтгааныг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээд байгаа аж. Гэрчүүдийн хэлснээр барилгын гадна талын ханан дахь дулаалгын материал гал хурдан тархахад нөлөөлсөн байж болзошгүй юм.
Эх сурвалж: Yonhap News Agency, KBS News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.