Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх онд хэрэгжүүлэх гурван ч зээлийн хэлэлцээрийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.
1. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас 20 сая долларын зээл авах хэлэлцээр:
Монгол Улс Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр байгуулах аж.
Уг төслийн Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 20 сая долларын санхүүжилтээр 2020-2023 оны хооронд хэрэгжүүлэх юм байна.
Төслийн гол зорилго нь дотоодын ажил горилогч болон бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, гарцыг өргөжүүлэх болон хөдөлмөр эрхлэгчдэд КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Төслийг хэрэгжүүлэгч төв байгууллага нь ХНХЯ байх бөгөөд Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно. Зээлийн хүү 1.25%, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн телбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
2. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын зээл авах хэлэлцээр:
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10.0 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталсан бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн гишүүн орнуудад тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн.
Энэ хүрээнд 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудлаар тус банктай тохиролцож, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг байгуулсан.
АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээл нь төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдоно. Зээлийн нөхцөлийн хувьд эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү LIBOR+ 0.85% байх юм.
Энэ мөнгийг цар тахлын тархалтын эрсдэлийг хязгаарлах, бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ гэжээ.
3.“Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс 50.8 сая еврог зээлэх хэлэлцээр:
Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай” ерөнхий хэлэлцээр байгуулжээ.
Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр хүлээн авахаар хоёр талаас тохиролцжээ. Санхүүжилтийн хэлэлцээрийг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурж, байгуулсан байна.
Энэ мөнгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох гэнэ.
Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zeel bitgii nemj avaachee tuunii orond tolgoigoo ajiluultsgaa