СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Замын түгжрэлийг ингэж шийдье

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дэлхийн улс орон, хотууд төлөвлөгөөтэй хөгжиж байна. Манайд сонгуулийн цикль хооронд улстөржиж, замын түгжрэлээ ч шийдэж чадалгүй сүүлийн 20 жилийг үдлээ.”Хот усанд автлаа, яах вэ” гэхээр “Венец усан дээр байгаад болоод байна” гэдэг Иргэдийн хурлын төлөөлөгч нэртэй тархи угаагч олон. “Замын түгжрэлээ шийдье” гэхээр торгоно, төлбөр нэмнэ гэж дарамталдаг төр, засагтай. Хөгжил хаашаа явж байгаа нь тодорхойгүй, ямар ч байсан урагшилж байгаа гэсэн сэтгэхүйгээр явж ирэв. Тэгвэл замын түгжрэл бүтээмжийг бууруулдаг гэж судлаачид үздэг.

Жишээлбэл, Бангкокын замын түгжрэл Тайландын эдийн засагт дөрвөн чиглэлээр хохирол учруулдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Замын түгжрэл ажлын цагийг алдуулж, түлшийг нь барж, түүнчлэн авто осол, хүрээлэн буй орчин бохирдох шалтгаан болдог гэж үзжээ. Үүнээс үүдэж Бангкок хот жилд 10 тэрбум буюу монгол мөнгөөр 470 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байна. АНУ-ын Лос-Анжелос хотын эрх баригчид бүх гэрлэн дохиогоо ухаалаг болгосон. Ингэснээр замын хөдөлгөөнийг ажиглах автоматжсан системийн хувьд бусад хоттой харьцуулахад жишиг болжээ. Энд замын хөдөлгөөнийг удирдах төвийн компьютерууд ирсэн бүх мэдээллийг хүний оролцоогүйгээр задлан шинжилж шийдлийг гэрлэн дохионуудад буцааж илгээдэг. Тухайн замаар явж буй автобусыг саадгүй өнгөрөөх нөхцлийг замын цагдаа бус гэрлэн дохионууд бүрдүүлдэг аж.

Улаанбаатарын замын түгжрэлд санаа тавьсан найрсаг хөршүүд, давхар зам барьж өгөх санал тавьсан олон улсын байгууллагууд бий. Тухайлбал, 2005-2006 онд Японы баг нийслэлийн хөрсний бохирдол, автозамын асуудлаар судалгаа хийсэн. 2008 онд ХБНГУ-ын иргэн болсон томоохон корпорацийн захирал монгол хүн эх орондоо давхар зам тавьж өгье гэсэн санал өргөн барьтал төр, засгийн удирдлагад байгаа авлигач сайд, түшмэлүүд “Манай хувийн компани руу мөнгөө хий, хамтар” хэмээн мөнгө угаах саналыг сөргүүлэн тавьснаар бүтээгүй. Энэ мэтчилэн Япон, БНХАУ-аас концессоор давхар зам барьж өгье гэсэн саналууд бүгд унасан.

 Шинэ шийдэл гарцын талаар сэдэв хөндсөн, шинэ санаа дэвшүүлсэн хүн цөөнгүй бий. Инженер Х.Ган-Очир хэдэн жилийн өмнө “Бидний шийдэл Метро” гэсэн санал гаргаж байсан. Эдийн засагч О.Одбаяр “Түгжрэлийг шийдэх 21 санал”-ыг дэвшүүлж байв. Сүүлийн жилүүдэд Солонгосын төмөр замын корпорациас Монголын төмөр замын мастер төлөвлөгөө болон Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудлыг төмөр замтай холбох техникийн судалгааг эхлүүлээд байгаа.Хэрэв энэ ажил хэрэг болбол хотын автозамын түгжрэлийг бууруулахад нөлөөтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг юм билээ.

Уг нь Монголын төр, үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд нь замын хөдөлгөөн зохион байгуулах, зохицуулах үүргээ ард түмэндээ дарамт учруулахгүйгээр гүйцэтгэх ёстой. Гэтэл тэд үүргээ гүйцэтгэж чадаагүйнхээ горыг иргэддээ үүрүүлж байгаа нь харамсалтай. Тухайлбал, манай улс торгууль, төлбөр, хураамж нэмэх, машиныг үйлдвэрлэсэн болон орж ирсэн оноор нь журамлах, дугаарын хязгаарлалт хийж тэгш сондгойгоор явуулах гэхчлэн бүх аргыг хэрэглэж үзэв. Бүр ямар ч хууль, дүрэмгүйгээр дугаарын хязгаарлалт хийж, тэгш сондгойгоор явуулан торгож шийтгэж иргэдийнхээ эрхийг зөрчиж, дарамталж хүчирхийлж ирэв.

Зам нэмэгдээгүй, машин техникийн тоо жилээс жилд нэмэгдэж буй учраас дээрх аргууд нь ямар ч үр дүнд хүрээгүй. . Харин энэ оны эхний таван сарын байдлаар 19700 автомашин орж ирсэн байна. Автомашиныг насны ангиллаар авч үзвэл 0-3 настай автомашин ихэвчлэн Герман улсаас орж ирдэг бол Японоос орж ирж байгаа 4-9 настай автомашин 70 орчим хувийг эзэлдэг. Ачааны автомашины хувьд 2017 онд нийт 14155 ширхэг орж ирсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 5582 ширхэг орж иржээ.

Өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 1-нд шилжих шөнө Улаанбаатарын зам тэг зогсолт хийснээс үүдэн Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн газар гэхчлэн холбогдох байгууллагууд, газар хэлтэс бужигнаж, дахиад л дугаарын хязгаарлалт хийж, тэгш, сондгойгоор явуулах тухай ярьж эхэлсэн. Үүнээс өөр гарц шийдэл дэвшүүлэх инженер, эрдэмтэн судлаач энэ салбарт байдаггүй юм уу. Замын хөдөлгөөнийг зөв зохицуулах мэргэжилтний өлсгөлөнд нэрвэгдсэн салбар уу гэж Ерөнхий сайд нь хүртэл бухимдсан сурагтай. Эцэст нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд өөрийн биеэр оролцож, холбогдох албаныханд шат дараатай, тодорхой ажил хийх үүрэг өгсөн гэж дуулдсан. Нийслэлийн автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра авто замын түгжрэлийг бууруулахын тулд олон ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа.

Улаанбаатар хотын гадна тойруугийн III, IV хэсэгт шинээр зам тавьсан. Монелийн уулзвараас Дарь-Эхийн уулзвар, Дарь-Эхийн уулзвараас Хайлаастын уулзвар хүртэл 57 метр урт гүүрийг замтай нь холбох ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр Улиастайн уулзвараас Да хүрээ зах, Монелийн уулзвараас Сонгинохайрхан дүүрэг хүрэхэд Доржийн гудамж болон Энхтайваны өргөн чөлөөгөөр явахгүйгээр араар буюу гадна тойруугийн замаар явах боломж бүрдэж байгаа. Хоёрдугаарт, ачаалал ихтэй уулзваруудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хийсэн. Өгөөжийн уулзвар, Оргилын уулзвар, ХААИС-ийн уулзварын эгнээг нэмж өргөтгөсөн. Мөн Авто плазагийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгож өөрчилсөн. Дарь-Эх, Сансарын аюулгүйн тойргийн хооронд явган хүний зам автозамтай нэг түвшинд байсныг гүүрэн гарц болгосноор тухайн хэсэгт автомашины урсгал саадгүй нэвтрэх боломж бүрдсэн. Тус гүүрэн гарцыг сүүлийн үеийн загвар, стандартын дагуу хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломжтой болсон. Түүнчлэн түгжрэл ихтэй 10 уулзварыг хоёр түвшний огтлолцолтой болгохоор зургийн ажлыг нь хийж байгаа. Явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөж байна” гэж мэдэгдсэн. 

Ярьж буй шийдэл, олж харсан гарц нь юу болохыг тодруулахад дахиад дугаарын хязгаарлалт, торгууль, төлбөр нэмэх тухай улиг болсон сэдвүүд хөвөрч байна. Тэгвэл иргэдийн зүгээс янз бүрийн гарц шийдлийг санал болгож байгаа юм. Тухайлбал, нүүр номд Tsors Sugar гэсэн хаягнаас “. Машинууд яах юм гэж үү. Бөглөрч л байг. Бүр дугаарын хязгаарлалтыг нь ч цуцалчих. Аяндаа автобусаа сонгодог болчихно. Замын цагдаа нар автобусыг уулзвараар саадгүй нэвтрүүлэх ажлыг хийгээд байхад л болно. Ингээд л ямар ч илүү дутуу хөрөнгө оруулалт шаардахгүй бөглөрлийг хялбархан шийдчихэж болно. Автобусны эгнээгээр давхисан бол гурван жилээр жолооны эрхийг нь хасчих. Надад эрх мэдлийг нь өгчихвөл би хийгээд өгье” хэмээн мэдэгдээд байна. Бид энэ удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн алдаатай шийдвэр, элдэв зөрчлүүдэд иргэдийн эрх ашгийг хамгаалж шийдүүлж ирсэн, түгжрэлийг шийдэх гарцын талаар байр сууриа байнга илэрхийлж байдаг иргэн П.Цэвэгмидийг “Экспертийн үг” буландаа урилаа.

П.ЦЭВЭГМИД: ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХЫН ТУЛД ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ ГАРГАХ НЬ ЗҮЙТЭЙ

-Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах асуудал ямар ч гарцгүй мухардаж байна. Мэргэжлийн хүний хувьд та ямар дүгнэлт хийж байна? 

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд Замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдэл гаргах л үлдсэн. Үүнээс бусад ямар ч арга үр дүнгүй. Энэ нь энгийнээр тайлбарлавал хөдөлгөөний ердийн загварчлал гаргаад Улаанбаатар хотод автомашин унах нь өөрөө ямар ч ашиггүй байх зохицуулалт хийх юм. Замын хөдөлгөөнийг түгжрэлгүй явуулахын тулд хотын төвд автомашинаар явах боломжгүй байхаар зохицуулна гэсэн үг. Үүнийг гаднаас машин зөөж байсан хүмүүс сайн мэднэ. Герман, Польш, Оросоос машин оруулж ирэхэд замын хөдөлгөөн нь хотын зах руу ороод нөгөө зах руу гарах зохицуулалттай. Ингэж зохицуулбал замын хөдөлгөөнд үүсч буй түгжрэл буурна. Нийтийн тээвэр ч идэвхждэг. Харин энэ үед нийтийн тээвэр замын хөдөлгөөнд оролцоход бэлэн байх ёстой.

-Зогсоолын нэгдсэн систем, дугаарын хязгаарлалт, тэгш сондгойгоор явуулах, тайлангийн хяналт, татвар, оношилгоо, торгуулийн зохицуулалт, төлбөртэй зам барина гэж ярьж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Гоё нэртэй энэ ажлуудын аль нь ч шийдэл биш. Зүгээр цаг авах гэсэн, хүмүүст итгэл төрүүлэх арга гэж харагдаж байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоог цөөлөх бодлого баримталж юм уу, татвар, торгуулиар түгжрэлийг зохицуулах ямар ч боломжгүй. Төлбөртэй зам хийнэ гэдэг үлгэр биш. Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр гол замууд, зуслангийн замын хажуугаар паралель зам бариад мөнгө хураадаг байж болно. Түгжрэлээс зайлсхийж байгаа хүмүүс төлбөрөө төлөөд тэр замаар явж болно шүү дээ.

 Монголчууд ОХУ-ын Улаан-Үд хот руу машинаа унаад хэдэн мянгаараа зорчдог. Хот руу ороход мөнгө хураадаг нэг ч цэг тэнд байдаггүй. Бид Женевийн конвенцийн гишүүн Хятад улс биш, бие биеийнхээ нутаг дэвсгэрээр замын хөдөлгөөний дүрмийг баримтлан чөлөөтэй зорчдог Венийн конвенцид нэгдсэн Монгол Улс. Манайх замын хөдөлгөөнөө интеграцласан. Зам нь нээлттэй Венийн конвенцийн дагуу бид хөдөлгөөнд оролцдог. Дээр нь замын хөдөлгөөнд оролцож буй иргэн бүрийн оролцоо замын түгжрэлийг бууруулахад хамгийн том алхам болно.

Ч.ОЛДОХ

2020.10.8 ПҮРЭВ № 195 (6420)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.