Коронавирусийн цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөний улмаас ирэх оны сүүл гэхэд дэлхий даяар 150 сая хүртэлх хүн туйлын ядуу давхарга руу шилжиж болзошгүй гэж Дэлхийн банкнаас мэдээлжээ. Тус байгууллагын тодорхойлолтоор өдөрт 1.90 ам.доллароос бага өртгөөр амьдардаг хүмүүсийг туйлын ядууд тооцдог юм.
Туйлын ядуу давхарга руу шинээр орох хүмүүсийн 82 хувь нь Энэтхэг, Нигери, Индонези зэрэг дундаж орлоготой орнуудын иргэд байх төлөвтэй байна. Эдгээр хүмүүсийн олонх нь илүү боловсролтой, хотын оршин суугчид байх бөгөөд ихэвчлэн хөдөө орон нутагт түгээмэл харагддаг ядуурлын хэлбэр хот сууринд ихэснэ гэсэн үг юм.
Дэлхийн туйлын ядуурлын эсрэг олон жилийн ахиц дэвшил цар тахлын улмаас зогсонги байдалд ороод байгаа бөгөөд энэ жил дэлхийн ядуурлын түвшин хорь гаруй жилийн хугацаанд анх удаа өсөх төлөвтэй байгаа аж. Мөн Ковид-19-ийн улмаас дэлхийн тэгш бус байдал улам даамжирч, улс орнууд хүртээмжтэй өсөлтөд эргэн ороход бэрхшээлтэй учирч магадгүй гэдгийг Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпас онцолсон байна.
Дэлхийн хүн амын бараг дөрөвний нэг нь өдөрт 3.20 ам.доллароос доогуур өртгөөр амьдардаг бөгөөд тэд бүгд энэ жилийн эдийн засгийн цочролын нөлөөнд автах эмзэг давхарга юм. Ажилгүйдэл улам бүр нэмэгдэж, хадгаламжаа барсан хүмүүс ихэссээр байна. Түүнчлэн гэр бүлүүд илүү бага идэж байгаа бол дэлхийн ядуу давхаргын тэн хагасыг эзэлдэг хүүхдүүдийн нэлээд том хэсэг нь холын зайн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа аж.
Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт 5.2 хувиар буурах төлөвтэй байгаа нь сүүлийн 80 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.