АНУ-ын Техас мужийн Остин хотын нийтийн номын сангийн хуучин ажилтан Рэндалл Вайтэд 12 жилийн хугацаанд дор хаяж 1.3 сая ам.доллартой дүйцэх принтерийн хор хулгайлсан хэрэгт буруутгагдан, баривчлагджээ.
Остин хотын Аудитын газрын мөрдөн байцаалтын тайланд дурдсанаар Кайл хотын оршин суугч Рэндалл Уайтэд ажиллаж байсан номын сандаа хуурамч шалтгаанаар принтерийн хор худалдаж аваад, дараа нь тэрийгээ хулгайлан, онлайнаар зардаг байсан аж. Тэрээр мөн нийтийн номын сангийн зээлийн картыг ашиглан хувийн хэрэгцээний гэр ахуйн болон цахилгаан бараа худалдаж авдаг байсан нь тогтоогдсон байна.
Номын сангийн хэрэгжилт багатай дүрэм, журмын улмаас Уайтэд ийнхүү хотоос хулгай хийх боломжтой болсон гэж албаныхан үзэж байгаа юм. Дээд албан тушаалтнууд нь түүнд хангалттай хяналт тавиагүй бөгөөд Уайтэд өөрийн хийсэн худалдан авалтуудаа өөрөө хянаж баталгаажуулдаг байжээ.
Тэрээр 2007 оны аравдугаар сараас 2019 оны долдугаар сар хүртэл нийт 1.3 сая долларын үнэтэй принтерийн хор худалдаж авсан бөгөөд Остины номын сангийн хэвлэлтийн үйл ажиллагаанаас харахад энэ хугацаанд зөвхөн 150 мянга орчим ам.долларын принтерийн хор хэрэгтэй болох байсан гэж Аудитын албанаас тооцоолсон байна.
Рэндалл Уайтэд одоо Хейс мужийн шоронд хулгайн хэргээр хоригдож байгаа аж. Шүүхийн бүртгэлээс харахад тэрээр өмнө нь 1980, 90-ээд оны үед мөн адил хулгай, дээрмийн хэргээр таван ч удаа баривчлагдаж байжээ.
Эх сурвалж: kxan.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.