Зүүн Азийн чансааг тэргүүлэн, Азийн чансааны V байрт бичигдэж буй С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монгол 20 хүртэлх насны футзалын шигшээ баг ээлжит тоглолтуудаа эх орондоо хийхэд бэлэн болжээ.Өнгөрсөн жил манай футзалын үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд БНХАУ, Тайванийн насанд хүрэгчдийн багт ялагдаж, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхгүй болж байв. Сургамж болсон өмнөх гашуун түүхийг эргэж буцаах боломжгүй ч эх нутагтаа БНХАУ, Тайваний 20 хүртэлх насны багуудыг Монголын залуучуудын шигшээ баг буулган авах боломж бүрдэж байна.
Монголын шигшээ баг 12-р сарын 01-ний 16:00 цагт Тайваньтай, 12-р сарын 03-нд 16:00 цагаас БНХАУ-ын багтай тоглолт хийхээс зөвхөн нэг л баг Азийн АШТ-ий шигшээ шатанд шалгарах юм. Дээрх тоглолтуудаас гадна Буянт-Ухаа Спортын Ордонд Япон, Хонгконг, Макаогийн шигшээ багууд Азийн АШТ-ий "А" хэсгийн тоглолтуудаа хийх нь.
Сонирхуулахад Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр эх орноосоо мордлоо. Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд Умард Марианы Арлуудыг 3:2, Гуамыг 1:0-ээр хожиж, Макаотай 0:0-ээр тэнцэн эхний шатны аварга болсон. Тэрхүү тэмцээн нь эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн оролцсон анхны тэмцээн байв. Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давсны дараа өнгөрсөн сарын 04-08-нд Тажикстан улсад зохиогдсон "Токио-2020" зуны олимпийн урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтуудад оролцож туршлага хуримтлуулсан. Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд БНХАУ, Тайвань, Хонг Конгийн багуудтай манай баг тоглоно.
Тоглолтын хуваарь
БНХАУ-МОНГОЛ 2018.12.01 13:45
ТАЙВАНЬ-МОНГОЛ 2018.12.03
МОНГОЛ-ХОНГ КОНГ 2018.12.05