“Хурд” хамтлагийн гоцлол гитарчин гавьяат жүжигчин Д.Отгонбаярын уран бүтээлийн хит тоглолт “Чи минь байгаа болохоор-2018” UB Palace-ийн концертын танхимыг үзэгчдээр дүүргэж, жинхэнэ утгаар нь доргиов. Монголын рок поп, амьд хөгжмийн шилдгүүд, The Voice, Шонхрууд баг, “Хурд” хамтлагийн “Best hit`s” бүтээлүүд, шилдэг хөгжимчидтэй тоглосон халуухан үдэш болсон юм. Д.Отгонбаяр шүлэг бичиж, аяыг нь зохиосноос түмэнд хүрч, сэтгэлд хоногшсон дуу чамгүй олон бий. Тэрбээр “Өөрийнхөө тоодог” дуунуудаа багтаан 2012 онд “Чи минь байгаа болохоор” тоглолт хийсэн нь амжилттай болсныг үзэгчид мартаагүй. Тиймдээ ч Отгоо “Чи минь байгаа болохоор…миний амин зүрхний үг. Тиймээс энэ дуундаа дуртай” хэмээн хэдэнтээ онцлон өгүүлсэн удаатай.
Тоглолт UB Palace-ийн концертын танхимыг үзэгчдээр дүүргэж, жинхэнэ утгаар нь доргиов
Ханьдаа, зориулсан энэ дуугаа олонд хүрсэн уран бүтээл болгох гэж тэрбээр хэдэн жил чимээгүй хав дарсан гэдэг. Уг нь энэ дуу 2003 оны уран бүтээл. Тэрбээр сэтгүүлч Жаргалсайхан найзынхаа гадаадад амьдарч буй эхнэртээ зориулж бичсэн захидлыг нь шүлэг хэлбэрт оруулж, ханийнхаа хайр, хамтдаа өнгөрүүлсэн дурсамжуудаа бодож аялгуу зохиосон юм билээ. Энэ дуу банзан гитарын утсан дээр хайртай хосуудын сүлд дуу болж анх төрсөн түүхтэй. Тэр үед Отгоо эхнэртээ “Чи минь байгаа болохоор” дуугаа чамд зориулж зохиолоо гэхэд “Яана аа, энэ дууг хүмүүс сонсох болов уу?” гэж санаа зовонгуй асуухад “Сонсолгүй яах вэ” гэж хариулж байжээ. Тэд хамтдаа амьдраад өдгөө 22 жил болж буй. Түүний дуу FM-үүдээр цацагдсан даруйдаа хит парадад тэргүүлж байсныг сайн санаж байна.
Түүнд олны танил, гавьяатын одонтой гэж онгирдог зан байдаггүй
Энгийн амьдралаас ургаж гарсан бүтээл удаан амьдардаг гэдгийг Отгоогийн дуунууд харуулдаг. Тиймдээ ч тэрбээр хээнцэр, хэлбэр хөөсөн бус энгийн амьдралд илүү дуртай. Түүнд олны танил, гавьяатын одонтой гэж онгирдог зан байдаггүй. Энэ тухайгаа ч тоглолтынхоо дундуур “Амьдралд худал, хуурмаггүй чин сэтгэлээсээ хандах сайхан. Ингэж амьдарсныг чинь амьдрал нэг л өдөр шагнадаг юм шүү хүмүүс ээ. Өдөр бүр амьдралдаа сэтгэл хангалуун явах сайхан зүйл үгүй. Сэтгэл дүүрэн, сайхан амьдрахад их мөнгө, эд бараа ер хэрэггүй” хэмээн өгүүлсэн. Энэ үг түүний чин сэтгэлийнх байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
“Тэр нууц нь” тайзан дээр ассан гал шиг дүрэлздэг эрч хүч
“Хурд”-ын болоод Отгоогийн өөрийнх нь бие даасан тоглолт хөтлөгчгүй болдгийг олон хүн анзаарсан байх. Түүнд үгийн баялаг бусдаасаа илүү байдаг, тайзыг өөрийн авьяасаар эзэгнэж чаддаг “нууц” бий. Товчхон хэлбэл “тэр нууц нь” тайзан дээр ассан гал шиг дүрэлздэг эрч хүч. Гитар бол түүний хобби, бас нэрийнх нь хуудас. Гитараасаа уйдалгүй 25 жил нөхөрлөсөн түүний хөдөлгөгч хүч нь мэдээж “Хурд” хамтлаг. Түүнд ирсэн олны хайр “Хурд”-аар дамжсан гэдэгтэй санал нэг байна. Тэгвэл “Хурд” 25 жилийн нүүр үзэж эрийн цээнд хүрчээ. Энэ хугацаанд уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд амьдрах эрч хүч, урам зориг хайрласан гэж боддог.
Тэрбээр хээнцэр, хэлбэр хөөсөн бус энгийн амьдралд илүү дуртай
МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг мөн С.Наран, С.Сэрчмаа, Б.Баярцэцэг гээд нэрлээд байвал түүнтэй хамтарч ажиллаагүй рок, попын хамтлаг, дуучид ховор. Тухайлбал, “Нулимсаа тэвчье” дууг Б.Баярцэцэг дуулж, өөрийн хоолойгоор хүргэхэд үзэгчид сэтгэл өндөр хүлээж авсан. Хариуд нь Отгоо “Нулимсаа тэвчье”-гээс илүү гарсан дуу Баярцэцэгтээ хийж өгнөө” хэмээн тайзан дээр үзэгчдийн өмнө амласан. Магадгүй амласныхаа хариуг нэг л өдөр харуулах биз ээ. С.Сэрчмаа нэгэн үе хит болж байсан “Хаа ч цуг гэж мэдээрэй” дуугаа дуулж, энэ дууг хэрхэн дуулах болсон бяцхан түүх өгүүлэхэд Отгоогийн зохиосон дуу байсныг үзэгчид мэдэв. Отгоо ч тоглолтынхоо дундуур “Би яруу найрагт их дуртай. Номын дэлгүүрт ороод яруу найргийн ном хараад зогсчихно. Надад бараг хоёр шуудай яруу найргийн ном байгаа” хэмээн “гайхуулсан”
Хоёр залууг “Voice”-ын шалгаруулалтаас хассаны дараа үзэгчдэд “алуулах” дөхжээ
Тоглолтод онцлох зүйл олон байсны нэг нь яах аргагүй “Voice”-ын залуус. Түүний тоглолтод тэс өөр орчныг үзэгчдэд мэдүүлсэн, мөн уран бүтээлчийнх нь хувьд түүнийг хөглөсөн уран бүтээл толилуулсан. Тэрбээр “Voice”-ын шүүгчээр ажиллахдаа шинэ үеийн залуусын уран бүтээлийн урсгал, сонирхол, хэл яриа, үйл хөдлөлөөс олон зүйл харж, суралцаж байгаа тухайгаа өгүүлээд авна билээ. Тэдний дундаас “Номин талст” хамтлагийн дууг дуулсан хоёр залууг тоглолтондоо онцлон оруулсан тухай хөгжилтэй түүх ярив. Шүүгчээр ажиллаж байхдаа тэднийг “Voice”-ын шалгаруулалтаас хассаны дараа үзэгчдэд “алуулах” дөхсөнөө, тэд үзэгчдийн хайртай оролцогч байсныг хожим ухаарснаа ч хуучлав. Тоглолтынхоо оргил хэсэгт “Voice”-ын тайзнаас хамгийн олон хүнд хүрсэн “Манан” аялгууг хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтран толилууллаа.
Тэрбээр Төв аймгийн Бор нуурын САА-д ногоо хурахаар очсон байхдаа Чинбаатай таарч танилцжээ
Отгоо Чинбаатай танилцсан түүх сонирхолтой юм. Тэрбээр “Төв аймгийн Бор нуурын САА-д ногоо хурахаар очсон байхдаа төмс түүж яваад Чинбаатай таарч танилцжээ. Ургацын талбайд танилцсан андууд хожим урлагийн алтан тайзан дээр, рок попын ертөнцөд хамтдаа уран бүтээл туурвих эхлэл байж. Отгоо ч энэ тухай “Бид монголын рок поп урлагийн хөгжмийн ертөнцөд ургац тарьж, тарьсан ургацаа хурааж яваа. Миний хувьд энэ бүтээл юманд сэтгэл ханана гэж байдаг, яг тийм мэдрэмж өгсөн бүтээл болсон. “Манан”-г тоглох, сонсох бүртээ амьдралдаа яаж явсан болон яаж явах ёстойгоо мэдэрдэг, агуу аялгуу. Энэ бүтээл давтагдашгүй байдлаараа хүнд хүрэх сүнстэй бүтээл болсон” хэмээн өгүүлсэн юм. Сонирхуулахад, Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай “Манан” аялгууг төгөлдөр хуурч Б.Чинбаттай хамтарч тоглосныг сонсчихоод “ Би яг энэ тоглолтыг 30 жил хүлээлээ” гэж хэлж урам хайрласан гэдэг.
Бид энгийн амьдралаар амьдарч, эгэл олноороо хүрээлүүлж алдарт хүрсэн
Отгоод “Манан”-г тоглоход сэтгэлээс гардаггүй бага насных нь нэгэн дурсамж өөрийн эрхгүй төрсөн гэдэг. Тэрбээр “Илүү сартай зун” кино үзчихээд тэргэнцэртэй эгчийг маш их өрөвдөж, цаашид яадаг бол санаа зовж байснаа тод санадаг юм. Энэ кинонд Ариунаа далайн эрэгт “Галаа … “ гэж хашгираад тэргэнцрээсээ уначихдаг хэсэгт “Манан”-гийн аялгуу явдаг. Тэр хөгжмийг сонсоход надад нэг л өөр мэдрэмж, сэтгэгдэл төрсөн” хэмээн хуучилсан байдаг.
Үзэгчидтэй анх удаа уулзаж буй охиныхоо дууны аялгууг Отгоо хийжээ
Тоглолтын онцлох зүйлээс онцлон дурдвал Отгоогийн охин нь байлаа. Номука аавынхаа тоглолтод анх удаа оролцож, өөрийн зохиосон англи дуугаар бэлэг барив. Үзэгчидтэй анх удаа уулзаж буй охиныхоо дууны аялгууг тэрбээр хийжээ. Аавынх нь шүлэг бичдэг авьяас өөрт нь өвлөгдөж байгаа гэдгийг охин нь ийн өөрийнхөө уран бүтээлээр харуулсан юм.
Үзэгчид “Хурд”-ынхныг үгүйлж, Цогоог дуулуулъя хэмээн хашгирч байлаа
Тэрбээр олуулаа өссөн амьдралаа үзэгчдээс нуудаггүй, хүүхэд насныхаа дурсамжуудыг тайзан дээр өгүүлж, үзэгчдийг тэр цаг үед эргүүлээд аваачсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Отгоо аав ээж, ах дүү, найз нөхөд, эх орон, монголынхоо ард түмнээр бахархаж явдгаа үргэлж хэлдэг. Энэ удаа ч мөн “Сайхан сэтгэлтэй, тусч байх хэрэгтэй. Хүн шиг хүн байна гэдэг хамгийн зөв амьдарч байгаа юм шүү гэж аав, ээж минь бидэнд сургаж ирсэн. Аав ээжийнхээ үгийг санаж уран бүтээлээ чин сэтгэлээсээ хийсэн учраас бүтээлүүд минь олон жил дуулагджээ гэж боддог. Намайг өсгөж хүмүүжүүлсэн аав, ээж, ах нартаа би баярлаж явдаг. Миний уран бүтээлийг дурлаж сонсдог ард түмэндээ талархдаг. Бид өглөө босоод боорцог дээрээ бужигнадаг байлаа, хамгийн сүүлд боссонд нь оймс олддоггүй байсан. Бид энгийн амьдралаар амьдарч, эгэл олноороо хүрээлүүлж алдарт хүрсэн. Гитараа үүрээд л үүрийн жингээр гэрээс гарна. Гитар дотроо хэдэн сайхан шүлгийн ном хийчихсэн байхад хоол ундны ч хэрэггүй. Мацаг барихад оюун тархи сэргэнэ. Урлагийн хүн тарчигдуу байх хэрэгтэй санагдсан. Мөнгөтэй, цатгалан байхад уран бүтээлээ хийхээ болино. Ард түмнийхээ хүндэлдэг сэтгэлийг бид хайрладаг. Олны хайр хүндлэл, найз нөхөд, уран бүтээлчдийнхээ дэм тусаар бид өдий зэрэгтэй яваа. Бид үзэгчидтэйгээ он жилүүдэд, цаг мөч бүхэнтэй хамт байна, баярлалаа” хэмээн сэтгэлийнхээ үгийг тайзнаас хүргэв.
A.Отгонбаатар “Хурд”-ынхны “Нулимсаа тэвчье” дууг дуулж авьяастай гэдгээ харуулсан
Тоглолтын төгсгөл хэсэгт үзэгчид “Хурд”-ынхныг үгүйлж, Цогоог дуулуулъя хэмээн хашгирав. Төд удалгүй Цогоо ч тайзан дээр гарч “Шинэ жил” дуугаа дуулж, шинэ он хаяанд ирснийг хаа сайгүй сануулав. Тоглолтын дундуур Отгоо үзэгчдэд сюрприз барьж “Хурд” хамтлагийн дууг хэн сайн дуулах вэ" уралдааны тэргүүн байрын эзнээр тодорсон ТҮК-ийн ажилтан, 82 дугаартай A.Отгонбаатарыг тайзан дээр урьж үзэгчидтэй уулзуулав. A.Отгонбаатар “Хурд”-ынхны “Нулимсаа тэвчье” дууг банзан гитараар тоглож чамлахааргүй авьяастай гэдгээ олны өмнө харуулсан юм. Ятгын хатан Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтарсан гитар, ятгын хосолсон аялгуу, гавьяат жүжигчин "Харанга" хамтлагийн гитарчин Ц.Энхманлай, гитарчин Өөжгий нарын хамтарсан гоцлол зэрэг мэргэжлийн гитарчдаас эгшиглэсэн гайхамшигт, эрч хүчтэй аялгууг үзэгчдэд хүргэв. Тэрбээр “Өөжгий өчигдөр шинэ гитартай болчихоод бөөн баяр яваа. Түүний барьж буй энэ гитарыг би хэдэн жилийн өмнө худалдаж аваад тоглож байгаа л даа” гэж хошигнов.
Өөжгий өчигдөр шинэ гитартай болчихоод бөөн баяр яваа
Үнэнч улаан фэнүүдийнх нь хашгираантай халуухан үдшийн тоглолт Цогоогийн дуулсан "Эх орон” дуугаар өндөрлөсөн юм. “Хурд”-ынхан тоглолтоо энэ дуугаараа өндөрлүүлдэг нь ч учиртай. 1999 оны намар “Эх орон” дуугаа МУГЖ Б.Дамчаа гуайтай дуулж хүргэсэн нь олны хамгийн хайртай уран бүтээл болсон. Энэ дуу гадаадад ажиллаж амьдарч буй олон хүний эх орноо санагалзах сэтгэлийг нь аав ээж, ах дүүс, найз нөхөдтэй нь уулзуулсан мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.
“Хурд”-ынхан тоглолтоо "Эх орон" дуугаараа өндөрлүүлдэг нь учиртай
Отгоо энэ тухайгаа “Эх орон дуугаа Б.Дамчаа гуайтай хийчихээд бид их онгирч байлаа. Үнэнийг хэлэхэд Эх орон”-г хийсэн шигээ баярлаж үзээгүй. Цонжин болдогийн ойролцоо зураг авахуулж байхад Б.Дамчаа гуай “Түүхэнд үлдэхээр дуу болжээ” гээд үнсэхэд өөрийн эрхгүй уйлах шахаж билээ” хэмээн өгүүлсэн байдаг.