Украйны нийслэл Киев хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны гадаа босогчид цуглаж, элчин сайдын яамны машиныг шатаав. Энэ бол Оросын эрх баригчид Украйны тэнгисийн цэргийн гурван хөлгийг барьж саатуулсныг эсэргүүцсэн төдий биш Крымыг хүчээр нэтгэсэн гэж үзсэнээс улбаатай уур бухимдлаа илэрхийлж буй хэрэг юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Орос, Украйны мөргөлдөөний улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хуралдахаар боллоо. Сөргөлдөгч талууд харилцан нэгнээ буруутгасаар байна.
2014 онд Оросын Засгийн газар Крымыг өөртөө нэгтгэсний дараа зөрчил эхэлсэн ч үүнээс хойш анх удаа ил тодоор мөргөлдөж буй юм. Оросын тал Украйны усан онгоцуудыг хууль бусаар хил нэвтэрсэн гэж үзэн барьж саатуулсны улмаас хөлгийн багийн зарим гишүүд бэртэж гэмтсэн мэдээлэл байна.
Украйны далбаатай Бэрдяанск, Никопол, Яна Капа хөлөг онгоцууд Хар тэнгисийн Одесса боомтоос Азовын тэнгис дэх Мариупол боомтод хүрэх замдаа баригдсан. Энэ хэсгийн далай тэнгис Орос, Украйны аль алиных нь мэдэлд байдаг аж. Азовын тэнгис Крымын зүүн эрэгт, Оросын салан тусгаарлагчдын эзэлсэн Украйны бүс нутгийн өмнө талд оршдог.
Тэнгисийн хойд эрэгт байдаг Мариупол зэрэг боомтууд Украйны экспорт, импортын гол төв юм. Эдгээр боомтуудыг дамжин өнгөрдөг ган төмөр, нүүрсний экспорт, импорт ганц өдөр зогсоход л олон сая долларын алдагдалд орно гэдгийг Украйны Ерөнхийлөгч Порошенко анхааруулсан.
Эх сурвалж: www.bbc.com