1999 оны зургадугаар сард “Камертон” хамтлагийн ахлагч дуучин Д.Болд яруу найрагч Д.Ган-Очирыг Хөгжим Бүжгийн Сургууль дээр дууджээ. Найрагчийг яваад очтол тэрбээр төгөлдөр хуур дээр нэг аялгуу тоглож сууж гэнэ.
Үзэг, цаас шүүрч автал “Явах цаг боллоо хонгор минь...” хэмээх мөр толгойд нь орж иржээ
Тэрбээр Д.Ган-Очирт “Энэ аялгууг сонс доо, юу бодогдох юм бэ?” гэхэд нь найрагч “Наад аяа тасралтгүй тоглоод бай! гээд тойрч алхаад л байжээ. Тэгээд л гэнэтхэн үзэг, цаас шүүрч автал “...Явах цаг боллоо хонгор минь...” хэмээх мөр толгойд нь ороод ирсэн гэнэ. Ингэж л аялгуунд хөтлөгдөн, шүлгийн шад мөрүүд ар араасаа ундарч дуу зохиогдсон түүхтэй.
Энэ дуу тухайн цаг үедээ "Камертон" хамтлагийг Монголын рок попын ертөнцөд хөл тавихад нь “Од” болгосон. Түүнээс хойш тус хамтлагийнхан найрагч залуутай уран бүтээлийн ганзага нийлүүлж хөгжмийн наадмаас олон шагнал хүртсэн юм.