Франц улсад шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн шар хантаазтай иргэд эсэргүүцлээ илэрхийлж долоо хоногийн өмнө жагсаал зохион байгуулсан. Засгийн газар тэдний хүсэлтийг хүлээн авч, дорвитой алхам хийхгүй байгаа тул өнгөрсөн амралтын өдрүүдэд жагсаалаа үргэлжлүүллээ.
Өчигдөр жагсаалын үеэр цагдаагийн албан хаагчид нулимс асгаруулагч, даралтат усаар жагсагчид руу шүршиж тараахыг оролдсон байна. Жагсагчид цагдаа нарыг эсэргүүцсэнээр мөргөлдөөн газар авчээ.
Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж эхэлсэн жагсаал аажимдаа хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, амьдрах өртөг хэт өндөр байгааг эсэргүүцсэнээр үргэлжилжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр Парист болсон жагсаалын үеэр жагсагчид руу дайрсан явдлыг “ичгэвэртэй” зүйл хэмээн шүүмжлэн буруутгажээ. “Бүгд Найрамдах улсад ямар ч хүчирхийлэл байх ёсгүй” хэмээн твиттер хуудсандаа жиргэсэн байна. Энэ долоо хоногийн мягмар гарагт Ерөнхийлөгч улс орон даяар мэдэгдэл хийж, шинээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулахаар болов.
Франц даяар 1600 орчим жагсаалд 100,000 гаруй хүн оролцсон гэжээ. Нийслэл Парисын жагсаалд 8,000 иргэн нэгдсэн байна. Засгийн газрын ордныг жагсагчдаас хамгаалж цагдаагийнхан хаалт босгосон байсан ч ням гарагийн өглөө зарим жагсагчид хаалтыг эвдсэн байжээ. Тэд Ерөнхийлөгч Макроныг эсэргүүцэн хашгирч Засгийн газрын ордон руу чулуу нүүлгэж, гудамжинд гал тавьжээ. Жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний улмаас 40 хүнийг баривчилж, цагдаагийн дөрвөн офицер, 15 жагсагч гэмтэж шархадсан байна.
Харин бусад муж, хотуудад болсон мөргөлдөөний үеэр нийтдээ 130 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. Мөн зарим хотуудад цагдаа нар хэвлэл мэдээллийн ажилтнууд руу дайрсан хэрэг гарчээ.
Франц улсад шатахууны үнэ сүүлийн нэг жилд 23 хувиар нэмэгдэж, 2000 оноос хойш хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна. Засгийн газар дэлхийн хэмжээнд газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэж шатахууны үнийн өсөлтийг тайлбарлаж байгаа ч шар хантаазтнууд тэднийг иргэдийн төлөө хүчин чармайлт гаргахгүй байгаад бухимдлаа илэрхийлсэн.
Жагсагчид шар хантаазыг бэлгэ тэмдгээ болгосон учир нь жолооч нар осол гэмтлийн үед ашиглах тод өнгийн хантаазыг машиндаа авч явах ёстой. Хэрэв машинаа зогсоож засах хэрэг гарвал хантаазаа заавал өмсөх ёстой байдаг аж. Энэ нь тэдний аюулгүй байдлыг хамгаалж, бусад жолооч нарт хүн байгаа гэж тод харуулах зорилготой. Хэрэв хантаазгүй бол 150 ам.доллараар торгуульдаг байна.
Эх сурвалж: www.bbc.com