Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх дөнгөж сая гэнэтийн мэдэгдэл хийлээ. Төрөл бүрийн хүлээлттэй, төрийн чухал институци, ҮАБЗ-ийн тулгын гурван чулууны нэг нь ямар агуулгатай мэдэгдэл хийсэн гээч. “Ард түмнээрээ зориглоё. Миний хүч дутаад байна” гэх нь тэр.
Тэрбээр УИХ-дарга М.Энхболдыг харлуулан гүтгэдэг бүхний амьд гэрч нь болж бататгах шаардлагатай болжээ. Яасан юм бол. Ямар нэг “шахалт” үнэртэхгүй байна уу.”60 тэрбумын хэрэг үнэн шүү. Гэхдээ хэрэгжсэн үгүйг мэдэхгүй, тийм яриа бол болсон” гэв. Ерөнхий сайд хэрэгжээгүй хэргийг үнэн бодит гэж нотолж байгаа юм уу. Эсвэл хэрэгжүүлэхээр завдсан гэж үзэж байгаа бол тэрбээр ийм гэмт хэргийг таслан зогсоох үүргээ умартсан уу.Санаатай, санаандгүйн алинаар?
Газрын наймаачин гэдгийг ч “батлав”. Харин шүүх, прокурор өөрийнх нь хүсэлтээр удаа дараа шалгаад ч нотолж чадаагүй. Тэднийг худлаа шалгасан гэж байгаа бол Ерөнхий сайдад дахиад нотолгоо хэрэгтэй. Мөн “30 гэр бүлийн тухай” бичдэг, ярьдаг бүхэн бодит зүйл гэж нотлов. Магадгүй тэр 30 гэр бүлийг нэрлэх байх. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Өөрсдөө ол” гэсэн. Магадгүй, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг олоодох” гэсэн ч юм уу, ямар ч байсан үнэн гэнэ шүү.
Цаашилбал, Оюутолгой, Стандарт банкинд тавьсан өр гэхчлэн ер нь л “Монгол Ялна”-чуудын хөндсөн сэдэв, Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын дарга нарын ярьдаг болгон үнэн бодит гээд ам баталгаа өгчихлөө. Хэдэн хууль зөрчиж, хэн хэнийг гүтгэснийг нь чөтгөр л мэдэх байх. Яг яасан тохиолдолд ийм буулт хийж таарах вэ. Замдаа таарсан юуг ч санд, мэнд няц гишгээд тэдэнд ам өчиг өгөх мэт байгаагүйг бий болгож, нотлогдоогүйг өөрөөрөө нотлох ямар шалтгаан байв?
УИХ-ын дарга М.Энхболд “багын найз” нь гэнэ. Гэхдээ “ард түмэндээ хайртай, амлалтдаа хүрэх зоригтой” учраас “багын найз”-аа улсын эв нэгдлээс өндөрт тавьж УИХ-ыг тараах гэж байгаа юм гэнэ ээ.
Өөрт нь хоёрхон зам буй гэнэ. Гуравдахь, түүнээс цаашихыг олж хараагүй байх л даа. Тэр сандарчээ. Юун өөр зам манатай. Өөрийнх нь олж харсан хоёр замын эхнийх нь анх Еррөнхий сайдын албыг хүлээж авахдаа хэлсэн “Амь насаа хайрлахгүй шударга бустай тэмцэх”. Хоёр дахь нь цаг хугацааны л асуудал болоод байгаа Ерөнхий сайдын албаа өгөх.
Амь нас хайрлахгүйн тухайд бол тэрбээр “өөрөө л өөртөө халдчихгүй” бол, суниаж барьж байгаад эрүүл мэндээрээ хохирчихгүй бол Монголын ард түмэн түүнд зөвхөн сайн сайхныг л хүснэ. АТГ-аас 2017 оны наймдугаар сарын 25-нд мэдээлэл хийхдээ “Уг хэрэгт одоогийн байдлаар 9 хүнийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд дөрвөн хүнийг саатуулж, таван хүнийг гадуур байцааж байгаа. АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг нь тогтоогдоогүй бөгөөд харин У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр бусад хамаатныхаа дүү нартайгаа хамтран өөрийг нь тагнаж, мөрдөж байсан нэвтрүүлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс ч АТГ нийслэлийн Прокурорын газарт хандан, У.Хүрэлсүх нарт эрүүгийн хэрэг үүсгэхээр саналаа явуулсан” гэсэн юм. Түүнээс цааш Ерөнхий сайдыг маань тагнаж чагнасан хэрэг хаа хүрснийг бүү мэд. Амь насанд нь халдах тухай хэнийг ч бодож амжаагүй байхад яагаад тэгж хүсэмжлээд, хүч оруулж яриад байдгийг бүү мэд. Тэгээд Ерөнхий сайд маань эхний замыг сонгосон гэнэ.
Тэр “мөнгөгүй” учраас сэтгүүлчдийг өөртөө хүч нэмэх, шударга ёсны төлөө ажиллахыг уриалав.
Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. УИХ-ын даргыг огцруулах тухайд “УИХ-ын дарга том мэдэлтэй. Адгийн наад тал нь чуулганаар ямар асуудал оруулах эсэх, УИХ-ын гишүүдээр үг хэлүүлэх, хэлүүлэхгүйг ч бараг мэддэг” гэнэ. Уг нь тэр УИХ-ын гишүүн байж үзсэн шүү дээ. УИХ-ын чуулганы танхимын үүдэнд УИХ-ын гишүүнийг цохиж унагах ёс зүйгүй хэрэг үйлдчихсэн л болохоос. Ингээд цааш нь “Би М.Энхболд гэдэг хүнийг огцруулахын зэрэгцээ энэ их эрх мэдлээс нь чөлөөлөх гээд байгаа юм” гэв. Ерөнхий сайд, УИХ-ын даргыг эрх мэдлээс нь чөлөөлнө. Авангард, модернист, ер ямар гээчийн хуулийн бус, уран сайханы улс төрийн шийдэл модель гэхээрээ ийм байдаг байна аа. Хамгийн ноцтой нь “Эрүүл саруул хүнийг УИХ-ын даргаар тавьж байж энэ парламент эрүүл болно” гэв.
Одоо Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг, тодруулбал ҮАБЗ-ийн нэг гишүүн нь нөгөө гишүүнийхээ эрүүл мэндийг асуудалтай гэж хэлснээ нотлох ёстой, тийм үү. Үүний өмнө ЕТГ-ын дарга З.Энхболд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг “зөнөсөн” гэсэн. “Зөнөх” бол өвчин. Өөрийнх нь Засгийн газарт эрүүл мэндийн асуудалтай хүн маш том салбарыг удирдаж байгааг, эсвэл тэгж гүтгүүлснийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдсэн үү, эрүүл мэндийг нь, гүтгэгдсэн эсэхийг нь шалгасан уу.
Товчхондоо У.Хүрэлсүх маш сандарсан байдалтайгаар, “Хүсэлтийн хариу” биелүүлэх мэт хэн нэгний хүссэн бүх “муухай үг”-ийг өөрийн биеэр, Ерөнхий сайдын сэнтийгээс олон нийтийн өмнө мэдэгдэл хийлээ. Түүний “дэргэд” байсан хүмүүс “алдаатай” яриаг анзаараад л, баталгаа нотолгоо шаардах ёстой авч яриулах нь чухал, цаг мөчтэй уралдсан хэрэг байсан бололтой.
Тэр “Би төрөө, намаа цэвэрлэх ёстой” гэв. Би “мөнгөгүй”, “цэвэрлэгч” У.Хүрэлсүхийг өрөвдөж байна. Түүнд юу тохиолдсон бол. Яг л барьцаалагдсан хүн хүсээгүй үгээ хэлдэг шиг сүр сүлдгүй, сэтгэлээсээ гэх шүншиггүй харагдсан болохоос шийдсэн тэмцэгч У.Хүрэлсүх гэдэг улстөрч харагдсангүй. Хайран залуу...
Эх сурвалж: baabar.mn