Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргадаг.
Энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 20 гаруй хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл /нэн их/ ихтэй гарлаа. Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутаг хамрагдаж байна.
Нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байгаагаас Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст, Хяргас, Завханы Идэр, Тэс, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянхайрхан, Баян-Уул, Яруу, Улиастай, Хөвсгөлийн Арбулаг, Архангайн Чулуут, Булганы Тэшиг, Хэнтийн Дадал сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Даян, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Малчин, Хөвсгөлийн Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-16 см зузаан цастай, бусад нутгаар цасгүй байна.
Энэ жил ихэнх нутгаар зуншлага оройтсоноос ургац бага, хадлан тэжээл бэлтгэх боломж муу, улмаар малын тарга гүйцээгүйгээс зудад өртөх эрсдэл ихтэй байхыг анхаарах шаардлагатай.
Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарч өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлж байх гэнэ.