Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтын хил, гааль, хяналтын байгууллагуудын төлөөлөл оролцсон бүрэлдэхүүн ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн удирдлагууд, Ганц мод боомтын хил, хяналтын байгууллагуудын хамтарсан уулзалтыг өнөөдөр Ганц мод боомтод зохион байгуулав.
Уулзалтаар Таван толгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх зам дээр үүссэн нүүрсний автомашинуудын дарааллыг бууруулах асуудлаар ярилцжээ.
Энэ сарын 24-ий өдрөөс эхлэн тодорхой хугацаагаар хилийн боомтын ажиллах цагийн хуваарийг орой 21 цаг хүртэл ажиллуулахаар тохирч, энэ сарын 25-ны бүтэн сайн өдөр боомтыг ажиллуулахаар хоёр талын холбогдох байгууллагуудад санал тавих мөн зам дээр дараалалд зогсож байгаа 5000 орчим машиныг хятадын хил рүү хурдан татаж оруулах асуудлыг хөндсөн ба танилцуулсан асуудлаар өнөөдөр Хөх хотод тусгайлан хуралдахаар боллоо.
Зам дээр дараалал үүссэн асуудал нь Хятадын гааль ухаалаг хаалганы систем суурилуулж, хилээр орсон бүх автомашиныг нэг бүрчлэн шинэчилсэн бүртгэлд хамруулж, мэдээллийг нь чиптэй картанд оруулж машин бүрт нааж өгч байгаатай холбоотой бөгөөд энэ ажлыг ирэх сарын эхээр хийж дууссанаар цаашид хэвийн үйл ажиллагаанд шилжих боломжтой болох юм байна.