Мамарин бол дайнд нөхрөө алдаж, ган гачигаас болж газар тариалангаа орхиж гэрээсээ явсан гурван хүүхдийн ээж. Тусламж эрэн Херат хотод ирсэн боловч хэн ч түүнд тусалсангүй. Өөрийгөө болон бусад хүүхдүүдээ өлсгөж үхүүлэхгүйн тулд зургаан настай охиноо худалджээ.
Энэ бол Афганистанд харж болох нийтлэг үзэгдэл. Тус улсын газар тариалан эрхэлдэг нутгуудад сүүлийн дөрвөн жил бороо хур оролгүй ган гачиг нүүрлэжээ. Тариа будаа тарьж амь зогоодог байсан тариаланчид гэрээ орхихоос өөр аргагүй болж Херат хотыг зорин ирж байна. Гэсэн ч байдал дээрдсэнгүй.
НҮБ-ын мэдээлснээр 275,000 хүн ган гачигаас зугтаж нүүдэллэжээ. Өлсгөлөн ядуурал туйлдаа хүрсэн гэр бүлүүд амьд үлдэхийн тулд бага насны хүүхдүүдээ арай гайгүй амьжиргаатай нэгэндээ худалдахаас өөр аргагүй байдалд ордог байна.
Мамарин зургаан настай Акила охиноо 3,000 доллараар Нажмуддин гэгч эрд заржээ. Эрэгтэй бяцхан охиныг өөрийн хүү 10 настай Шер Агад зориулан худалдан авсан байна. Мамарин охиноо зарсан мөнгөнийхөө 70 долларыг л гар дээрээ аваад байгаа аж.
Охиныг худалдаж авсан Нажмуддины ярьснаар “охины гэр бүлд идэх юм юу ч байхгүй, тэд маш их өлссөн байсан. Би ч бас ядуу, гэхдээ хоёр юмуу гурван жилийн дотор охиныг худалдаж авсан мөнгөө бага багаар цувуулаад төлнө” гэжээ.
Афганистанд дөрвөн жилийн турш нүүрлэж буй ган гачиг газар тариалангийн салбарт ч бус мал аж ахуйн салбарт хүндээр тусч байна. Хонь, үхэр, ямаа гээд малчдын өл залгуулдаг мал амьтад харангадаж үхсээр байгааг эх сурвалж дурджээ.
Эх сурвалж: www.cnn.com