Филиппиний нийслэл Манила хот 12 сая оршин суугчтай. Эдгээрийн дөрвөн сая нь ядуусын хороололд амьдардаг. Ирэх гурван жилд 2,5 сая ажиллах хүч хотын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахаар шинээр оршин сууна гэж тооцжээ. Шинээр оршин суухаар ирэх иргэдийг хаана амьдруулах вэ гэдэг хотын захиргааны ойрын хугацаанд шийдвэрлэх асуудал болов.
Гэхдээ тэд уг асуудлыг хялбар, хямд төсөр аргаар шийдэх гарц олжээ. 23 настай залуу зохион бүтээгч Патрик Форлалес өөрийн бүтээлээр “Хотын тухай судлаачдын эзэн хааны институти”-ээс зарласан тэмцээнд түрүүлж 65,000 ам.долларын шагнал хүртжээ. Уг бүтээлээр ирэх гурван жилд Манила хотод шинээр ирэх оршин суугчдын амьдрах орон байрын асуудлыг шийдэхээр болсон байна.
Залуу зохион бүтээгчийн “Кубо” хулсан байшин ирээдүйд хотын өнгө төрхийг тодорхойлно. Ердөө дөрвөн цагийн дотор барьж босгох боломжтой ба метр квадрат нь 65 ам.долларын үнэ өртөгтэй аж. Хог хаягдлыг эрчим хүч болон бусад хэрэгтэй зүйлд ашиглах боломжийг харуулснаараа онцлог болжээ.
Патрик Форлалес санаагаа хөдөө байдаг өвөөгийнхөө хулсан байшингаас авчээ. Ингэхдээ хулсыг сайжруулж энгийнээс 10 дахин илүү бат бөх болгож чадсан байна. Модноос 35 хувиар илүү хүчилтөрөгч нэвтрүүлдэг гэдгээрээ эрүүл, эко сонголт болжээ. “Кубо” байшингуудын дээвэр налуу тул үерийн усанд автахаас сэргийлнэ.
Зөвхөн Манила ч гэлтгүй бусад хүн ам шигүү суурьшсан зүүн өмнөд Азийн болон Африк, Латин Америкийн халуун дулаан уур амьсгалтай, хулс ургадаг газарт байр сууцны асуудлыг ийн хөнгөн, төсөр аргаар шийдэх боломжтой гэдгийг Форлалес хэлжээ. Төслийнхөө хүрээнд хаягдал хуванцрыг үйлдвэрүүдэд зарж төсвөө бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: www.bbc.com