Өчигдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Түүнийг ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон гэдэг үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболд ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан юм. Харин ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хүлээлгэж өгөх бус бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах хүсэлт гаргасан бөгөөд УИХ түүний энэхүү саналыг дэмжиж бүрэн эрхээс нь түдгэлзүүлжээ.
Мөн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоолуудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцсэн. Уг хоригийг Байнгын хороод хүлээж авах боломжгүй гэж үзсэн ч Ерөнхийлөгч хоригтоо дахин тодотгол хийж оруулж иржээ. Тиймээс хоригийн тодотголыг бүлгээрээ хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн учраас МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас нэг өдрийн завсарлага авснаар чуулган өндөрлөсөн юм. Хоригийг хэлэлцэх хугацаа 11-р сарын 28-нд дуусах бөгөөд МАН-ын бүлгийн завсарлага өнөөдөр дуусах учир үдээс хойшхи хуралдаанаас өмнө амжиж тэд хоригийг хэлэлцэж эцсийн шийдээ гаргах юм.