“Оддын эрэлд-2” тэмцээний тэргүүн байрын шагналт, "Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг 15-н оролцогчдын нэг дуучин Л.Насанбуян рок попын ертөнцөд хөл тавьсан даруйдаа МУГЖ Б.Сарантуяатай багш шавийн барилдлага тогтоосон гэдэг. Хоолойн цар хүрээгээрээ урлагийнхан дундаа хамгийн "чадварлаг" нэгэн хэмээн үнэлэгддэг тэрбээр Улсын филармонийн гоцлол дуучнаар ажиллаад нэлээд жилийн нүүр үзэж буй. Өвөрмөц төрх, чадварлаг хоолой, шаргуу хөдөлмөрч гэгддэг дуучин бүсгүй ээж болсноосоо хойш нэг хэсэгтээ л нам гүмхэн амьдарсан. Тэгвэл саяхнаас уран бүтээлдээ эргэн ирснээ зарлаж, шинэ уран бүтээлээрээ үзэгч, сонсогчидтой уулзаж байна.
Түүний дуулсан дуунуудаас “insomnia” буюу “Нойргүйдэл”, “Бороо”, “Мартлаа гэж үү” зэрэг дуу нь олны хүртээл болсон даруйдаа сонсогчдоос талархал хүлээсэн юм. Улсын филармонийн өвөл цагийн нээлтийн тоглолт тэрбээр Thegreatestshowman киноны дуу болох “Never enough” дууг морин хуурын чуулгатай дуулж мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авсан. Мөн Канадын нэрт дуучин Сэлинэ Дион, Италийн алдарт тенор хоолойтой дуучин Андрей Бочелли нарын хамтран дуулсан "The Prayer” дууг дуучин Т.Отгонбаярын хамтаар дуулж уран бүтээлийнхээ санг арвижуулсан байна. Тэгвэл одоо өөрийнхөө уран бүтээлийн анхны цомогт орсон "Цас" дуугаа шинэчлэн найруулж бичүүлээд клипийг нь хийлгэхээр болжээ.
Тэрбээр саяхан өөрийн нүүр номдоо “Намайг дэмждэг, сонсдог, урам зориг хайрладаг нүүр номын найзуудынхаа урмын сайхан үгэнд Насаа нь хөглөгдөж, уран бүтээлээ одооноос эхлэн шаргуу хийхээр төлөвлөн ажилласаар байна. Энэ удаа та нартайгаа хайрын дуу болох шинэ уран бүтээлээ зориулж байна. Энэ хорвоо ертөнцийн хамгийн агуу зүйл бол хайр билээ. Хайрыг би өөрийнхөө мэдрэмжээр дуулж амьдруулахыг хичээлээ. Энэхүү дууг маань бичиж, олны сонорт хүргэж буй “Proline” студийн хамт олондоо их баярлалаа. Хүн аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийнэ гэдэг нь өөрт маш сайхан мэдрэмж төрүүлдэг. Тиймээс миний сэтгэл шингэсэн уран бүтээлүүдээр тун удахгүй уулзъя” хэмээн бичжээ.