Австрали улсын зүүн өмнөд нутгаар шороогоор шуурснаас болж агаарын бохирдол нэмэгдэж иргэд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол гарчээ. Тэнгэрийн өнгө бүхэлдээ улбар болон хувирч дотоодын эрүүл мэндийн газраас иргэдийг эрүүл мэнддээ анхаарч, гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Нэн ялангуяа бага насны хүүхдүүд, ахмад настнуудыг болгоомжлохыг сануулсан байна.
Тоос, шороон шуурга 500 км хүрээг хамарч, төв суурин газруудад хүрсэн байна. Цаг агаарын онц үзэгдлийн улмаас нислэгүүд хойшилжээ.
Шинэ өмнөд Уэлсийн хэд хэдэн мужид үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон байна. Цаг агаар хэт хуурайшсан нь шороон шуурга гарахад нөлөөлсөн гэж үзжээ. Олон арван хүн амьсгалж чадахаа больж, астм нь хөдөлсөн байна.
Сидней хотод шороон шуурганы улмаас тэнгэр харанхуйлжээ. Оршин суугчдын ярьснаар тэнгэрийн өнгө өөрчлөгдөж, шороо тоос хаа сайгүй байснаас гадна салхины хурд өндөр байсан гэнэ. Тус хотод 2009 онд шороон шуурга онц аюултай түвшинд хүрч байжээ.
Эх сурвалж: www.bbc.com