Шатахуун нийлүүлэгчид нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 16 компани өр төлбөрөө барагдуулахгүй бол дизель түлшээр хангах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс болж 950 гаруй автобус ирэх долоо хоногоос шатахуунгүй тул үйлчилгээнд гарах боломжгүй болчхоод байгаа талаараа автобус компанийн төлөөлөл өчигдөр мэдээлсэн юм. Нийтийн тээврийн санхүүжилтийг “Машин цагийн зардал” гэх хэмжүүрээр тооцон олгодог болсон бөгөөд энэ мөнгийг 2017 оны есдүгээр сараас 30,672 төгрөг болгосон байна. Гэвч өнөөдөр дизель түлшний үнэ 2,390 төгрөг болсноор нэг машин цагийн бодит зардал 39,736 төгрөгт хүрч 9000 төгрөгийн алдагдал хүлээх болжээ. Иймд автобус компаниуд 5.12 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
Шатахуун нийлүүлэгч компаниудаас өрийн хязгаараа нэмэгдүүлэх боломжгүй тул дахиж зээлээр шатахуун өгөхгүй хэмээн мэдэгдсэн
ТОАҮАХ-ны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн “Шатахуун нийлүүлэгч компаниудаас өрийн хязгаараа нэмэгдүүлэх боломжгүй тул дахиж зээлээр шатахуун өгөхгүй хэмээн мэдэгдсэн. Хэрвээ шатахуун нийлүүлэгч компаниуд шатахуунаа нийлүүлэхгүй бол нийтийн тээврийн үйлчилгээ тасалдах аюулд орлоо. Автобус компаниуд болон шатахуун нийлүүлэгч компани иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй байгаа асуудал биш энэ бол нийслэлийн албан хаагчид ажлаа тухай бүрд хийгээгүйгээс үүдсэн асуудал болоод байна” хэмээв.
Нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булган “Ямар алдагдал үүсээд байгааг нарийвчлалтайгаар тооцохоор болсон. Шатахууны үнийн өсөлтөөс болоод аж ахуйн нэгжид гэнэтийн зардлууд үүссэн. Нийтийн тээврийн үйлчилгээ тасралтгүй хэвийн явуулах үүднээс бүх талын арга хэмжээг аван ажиллаж байна. Урьдчилсан байдлаар зогсоно гэсэн мэдээлэл байхгүй. Өнөөдрийн байдлаар шатахуун импортлогчид шатахуун олгохгүй зогсчих юм бол энэ эрсдэл үүсэх магадлалтай гэдгийг автобус компаниуд сануулж байгаа юм” хэмээв.
Төсвөөс олгож байгаа мөнгө нь нийтийн тээврийн компаниудад ямар нэгэн ашиг өгдөггүй. Зардал нь орлогоосоо давсан учраас нийтийн тээврийн компаниуд 5.12 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байна. Иймд ирэх оны нийслэлийн төсөвт машин цагийн зардлыг 39736 төгрөг болгох, алдагдалтай ажилласан 5.12 тэрбум төгрөгийг яаралтай шийдэж өгөхгүй бол автобус компаниуд шатахуунаа авч чадахгүй улмаас нийтийн тээврийн үйлчилгээнд явах боломжгүй байдалд үүсээд байгаагаа учирласан юм.
Нийслэлээс нийтийн тээврийн компаниудад үүсээд байгаа асуудлыг шийдэж чадахгүй бол ирэх долоо хоногоос шатахуунгүй автобуснууд үйлчилгээнд гарах боломжгүй болоод байна.