Ирэх долоо хоногоос нийслэлчүүд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй болох магадлал өндөр байна. Учир нь өнөөдөр Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо(ТОАҮАХ)-ны 17 компани ирэх долоо хоногоос үйлчилгээнд гарах боломжгүй болсон талаараа мэдэгдсэн юм. Тэд шатахууны үнийн зөрүүгээс болж алдагдалд орж, цаашид үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон аж.
Улаанбаатар хотын хэмжээнд орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 17 компани нийтийн тээврийн 950 гаруй автобусаар 89 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг байна. Тэд өдөр бүр 250,000 гаруй км замыг туулж нийслэлчүүдэд үйлчилдэг байна.
2015 оноос нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтрүүлснээс хойш нийтийн тээврийн санхүүжилтийг “Машин цагийн зардал” гэх хэмжүүрээр тооцон олгодог болсон бөгөөд энэ мөнгийг 2017 оны есдүгээр сараас 30,672 төгрөг болгосон байна. Гэвч өнөөдөр дизель түлшний үнэ 2,390 төгрөг болсноор нэг машин цагийн бодит зардал 39,736 төгрөгт хүрч 9000 төгрөгийн алдагдал хүлээх болсон байна. Тиймээс цаашид ийм алдагдалтай үнээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон гэнэ.
ТОАҮАХ-ны тооцооллоор 2018 он гарсаар эдгээр 17 компанийн шатахууны үнийн зөрүүнээс хүлээж буй алдагдал 5.12 тэрбум төгрөгт хүрчээ.
Уг нь “Машин цагийн зардал”-ыг шинэчлэн тогтоох Ажлын хэсэг, НИТХ-аас баталсан Журамд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг томилогдон ажиллаж “Машин цагийн зардал”-ыг 36,540 болгожээ. Гэвч энэ тооцоог хийснээс хойш долларын эхэд 120 төгрөгөөр, дизель түлшний бөөний үнэ литр тутамдаа 490 төгрөгөөр өсчихөөд байгаа нь энэхүү тооцооллыг дахин хийх шаардлага тулгарч байгааг ч тэд онцоллоо.
Тиймээс ТОАҮАХ-хан үнийн зөрүүнээс үүссэн 5.12 тэрбум төгрөгийн алдагдлаа төлүүлэх хүсэлтэй байгаагаа Нийслэлийн засаг даргад уламжлахын сацуу 2019 нийслэлийн төсөвт дизель түлшний үнийн өсөлтийг нэмж тооцохыг ч мөн хүслээ.