Эртний Грекийн түүхэн домгуудын нэг “Леда ба Хун”-ын тухай зурсан ханын зураг Италийн Помпей археологийн дурсгалт газраас олджээ. Уг ханын зурган дээр Тиндарюс хааны гэргий, Спартаны хатан Леда хунд дурласан дүрийг буулгасан байна.
Олдворыг манай эриний 79 онд Весувиус галт уул дэлбэрэх үед газрын хөрсөнд булагдсан Помпейн эртний хотоос олжээ. Ханын зураг галт уулын үнс нурманд дарагдаж 2,000 орчим жил болсон ч өнгө будаг нь ялгарсан хэвээр байжээ. Леда хатан сандал дээр сууж, өвөр дээрээ алтан нөмрөгтэй хун тэвэрсэн байдалтай ханын зургийг мөхсөн хотын байшингийн унталгын өрөөнөөс олжээ.
Эх сурвалжууд үүнийг олон нийтэд дамжуулахдаа эртний эротик ханын зураг, хүчирхийлэлд өртсөн хатны түүх гэх зэргээр эротик, хүчирхийллийн өнгө аяс оруулан мэдээлсэн байна. Гэсэн ч түүх судлаачид, уран бүтээлчид үүнийг зохисгүй өнгө аяс гэж үзэж байгаа юм.
Домогт гардаг хун бол Грекийн агуу бурхан Зевс бөгөөд хунгийн дүрд хувирсан байх үедээ Леда хатныг хүчирхийлсэн гэгддэг. Гэвч эртний зураг, түүхэн олдворуудаас ажиглахад Леда хатан огт эсэргүүцсэн дүр гаргаагүй байдаг ба харин ч хунгийн дүрд хувирсан Зевс бурханд дурлаж, түүнийг өвөр дээрээ суулгасан, найрсгаар хандсаныг харуулсан домогт бүтээлүүд олон аж.
Эх сурвалж: www.cnn.com