Яг нэг жилийн өмнө Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг долоон концесс тараасан “хэрэг”-ээр огцруулж байсан. Өмнөх засгийн газрын үед баталсан долоон концесс ийнхүү Монгол улсын Засгийн газрын нэгэн “хар” түүхийг төрүүлэх юм гэж хэн саналаа.
Тэгвэл У.Хүрэлсүхийн засгийн газар өнөөдөр өнөөх ДОЛОО-гийн тоотой ахин нүүр туллаа. Түүний Засгийн газрыг огцруулах 7 үндэслэл байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлд уг үндэслэлүүдийг дурджээ.
Үүнээс хоёр дахь нь буюу хамгийн ноцтой нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирч, зохион байгуулалттай жагсаал цуглаан хийхээр бэлдэж байсан гэх үндэслэл.
Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барихын өмнөх өдөр МАН-ын байранд 100 залууг цуглуулан уулзаж, Засгийн газрын хувь заяа “эвгүйдсэн” тохиолдолд гудамжинд гарч жагсах үүрэг өгсөн гэж хэвлэл мэдээллийнхэн мэдээлсэн. Үүнийг байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ баталсан.
Мөн 11 дүгээр сарын эхээр болсон чуулганы хуралдааны индэр дээрээс “Би ард түмнээсээ дэмжлэг хүснэ” гэсэн үг. Энгийн иргэд эхлээд сонсоход энэ үгэнд ямар ч “но” байхгүй мэт боловч цаад ухагдахуун нь маш аюултай. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргилын хэлсэн үг батална.
Тэрбээр:
Энэ хүн УИХ-ын индэр дээрээс би ард түмнээсээ дэмжлэг хүснэ гэж байна. Одоо энэ үгийг ойлгож эхэлж байна. Энэ нь жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд хүн УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа намын дарга парламентаас гадуур улс төрийн тэмцэл хийх эрхгүй. Энэ хориотой. Иргэд л хуулиар жагсаал, цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.
УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа намын дарга парламентаас гадуур улс төрийн тэмцэл хийх эрхгүй
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон үүргээ сайн ухамсарлахгүй байна. Энэ хүн саяхан УИХ-ын индэр дээрээс би ажлаа хиймээр байна, шударга ёсыг тогтоомоор байна, даан ч Үндсэн хууль болохгүй байна. Үндсэн хуулийг өөрчилж өг, шүдгүй арслан шиг байна” гэсэн. Иргэн хүний хувьд ямар ч мэдэгдэл хийж болно. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын хууль тогтоомжийг бүхэлд нь улс орон даяар хэрэгжүүлэх үүргийг хариуцаж байгаа хүн “Үндсэн хууль болохгүй байна, би ажлаа хийж чадахгүй байна” гэсэн мэдэгдэл хийх ёс зүй, хууль зүйн эрхгүй. Үнэхээр хууль тогтоомж нь болохгүй байгаа бол ажлаа өгөөд Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд ханцуй шамлаж болно. Ерөнхий сайд байтугай ямар ч төрийн албан хаагч энэ хууль болохгүй байгаа учир үүрэгт ажлаа биелүүлэхгүй гэж хэлж болохгүй шүү дээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төрийн институт руу, тэр тусмаа үндсэн хууль руу халдаж эхэлсэн гэх бас нэг үндэслэл байна.
МАН-ын нийт гишүүд, тэр дундаа ахмад гишүүдийн намын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхдээ эгдүүцэж байгаа ганцхан шалтгаан буй. Түүний УИХ-ын индэр дээрээс “Би УИХ-д хариуцлага тооцно” гэж хэлсэн үг нь төрийн институт руу шууд халдаж буй “даварсан” үйлдэл аж. Учир нь Засгийн газрын тэргүүн хүн УИХ-тай хариуцлага тооцдоггүй.
Та биш УИХ тантай хариуцлага тооцдог юм гэхээр “Үгүй ээ, би Ерөнхий сайдын хувьд биш намын даргын хувьд хариуцлага тооцно” гэж хэлсэн зэргээс нь харвал алдаатай хэлсэн үг биш аюултай үр дагавартай мэдэгдэл юм. Намын дарга, УИХ, төрийн байгууллагад хариуцлага тооцож эхэлбэл төрийн дээр нам гарсан хэрэг болно. Үндсэн хуулийн ерөнхий үзэл баримтлалыг Засгийн газрын тэргүүн нь зөрчвөл бусад ард иргэд яах вэ.
УИХ бол төрийн байгууллага, нам төрийн бус байгууллага.
Засгийн газрыг огцруулах ДОЛООн үндэслэлийн хоёр дахь үндэслэлийг дурдахад ийм буюу.