Хөдөлмөрийн үндэснийн намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тус намын дарга Б.Найдалаа “Монгол хүн бүр ууртай байна. Бид нарын итгэж найдаж сонгосон Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, сайд нар Монгол Улсын төлөө ажиллахгүй байна. Хоорондоо тэмцэлдэж байгаа боловч монголчуудыг бодож байгаа нэг ч хүн 76 дотор алга. Тиймээс бид нар ууртай байна. Ерөнхий сайд ЖДҮХС-тай холбогдсон Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй. Ерөнхийлөгч хүртэл энэ сантай холбогдсон баримт нь байна. Мөн хүүгийнхээ хар тамхитай холбогдсон хэргийг прокуророос татуулсан гэсэн. Тиймээс Ерөнхий сайд албан тушаалаасаа татгалзах хэрэгтэй. УИХ тар. Ерөнхийлөгч ч хариуцлагаа хүлээ гэж шаардаж байна” гэлээ.
Ерөнхий сайд ЖДҮХС-тай холбогдсон Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй
“Бид Ц.Элбэгдорж М.Энхболд нарын хуучин МАНАН-гийн тогтолцоо, Х.Баттулга У.Хүрэлсүх нарын шинэ МАНАН-гийн тогтолцоог зайгаа тавихыг шаардаж байна. Бид залуучуудад хандаж хуучин улс төрийг халахыг уриалж байна” гэв.
“ХҮНам Монгол төрийг бузарлаад байгаа энэ хүмүүсийг зайлуулахаар үйл ажиллагаагаа тууштай эхлүүлээд байна. Бид дэмжигчдийн хуудас нээсэн. Энэ хуудаст та бүхнийг овог нэрээ бичээд нэгдэхийг уриалж байна. Бид хуулийн дагуу тэмцэнэ. Бидний энэ тэмцэлд хандив хэрэгтэй. Бид хандиваа сар бүр нээлттэй мэдээлэх болно. Ард иргэдээс яагаад хандив гуйж байна гэвэл шүүх, прокурорын байгууллагад хандан, дээрх нөхдүүдэд хариуцлага тооцуулахад тодорхой хэмжээний зардал гарна. Иймд ард иргэдээсээ хандив гуйж байгаа бөгөөд хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулан мэдээлэх болно” хэмээв.