Дэлхий дээр алдартай олон зочид буудал бий. Гэхдээ хамгийн нууцлаг бөгөөд өвөрмөц, үзэсгэлэнтэй нь Хятадын Шанхай хотод нээгджээ.
“Шимао Гайхамшгийн орон ИнтерКонтинентал” зочид буудал Шанхай хотоос баруун урагшаа 30 гаруй км-т байдаг ба барилгын ихэнх хэсэг газар доор оршино. Зөвхөн газар доор ч биш усан цэцэрлэгт хүрээлэнд гэвэл зохино.
Шешан уулын үзэсгэлэнт хэсэгт барьсан “Шимао Гайхамшгийн орон” Хятадын анхны газар доорх зочид буудлыг 10 гаруй жилийн турш барьжээ. 18 давхар, 336 өрөөтэйгөөс 16 давхар нь газар доор, хамгийн доод давхрууд усан дотор байрладаг.
Дээд зэрэглэлийн тансаг орчин төдийгүй 24 цагийн өрөөний үйлчилгээг санал болгоно. Дубайн Бүрж Аль Араб зочид буудлыг барьсан Британийн “Аткинс” компани “JADE+QA” студитэй хамтран газар доорх инженерийн гайхамшигт бүтээн байгуулалтыг хийжээ. Газрын гадаргуугаас доош 88 метр цогцолбор барихад 5,000 хүний хүч хөдөлмөр шингэсэн байна.
Өрөө бүхэнд байгалийн гайхамшгийг тольдон сууж хүрхрээ харах боломжтой тагт хийсэн тул та газар доорх харшаас эмээх хэрэггүй. Адал явдалд дурлагсдад зориулж олстой үсрэх, хаданд авирахад зориулсан байгууламж хийжээ. Хэрэв та энэ бүх адал явдлын дараа алжаалаа тайлахыг хүсвэл “Quarry” бар танд үйлчилнэ. Эргэн тойрон 61,000 метр кв Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялж, цэвэр агаарт алжаалаа тайлах бүрэн боломжтой.
Сонирхуулахад газар доорх гайхамшгийн ертөнц нарны эрчим хүч ашиглан гэрэл цахилгаанаа төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Мөн зочид буудлын дээвэр дээрх ногоон байгууламж үйлчлүүлэгчдээ амраах ая тухтай нөхцлийг бүрэн бүрдүүлсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com