Олон улсын Жин хэмжүүрийн 26 дугаар ерөнхий бага хурал (CGPM-26) энэ сарын 16-нд Францын нийслэл Парис хотын Версалийн ордонд болж дэлхийн 60 гаруй орны хэмжил зүйн хүрээлэнгийн төлөөлөгчид, эрдэмтэд хуран чуулж, олон улсын хэмжигдэхүүний шинэ SI системийг баталлаа. Энэ хурлаар өнөөг хүртэл мөрдөж буй олон улсын нэгжийн SI системийн зарим тодорхойлолтуудыг шинэчлэх олон эрдэмтдийн урт хугацааны нөр их хөдөлмөрийн дүн гарч, SI системийн үндсэн 7 нэгжийн тодорхойлолтоос массын нэгж “кг”, цахилгаан гүйдлийн хүчний нэгж “Ампер”, бодисын тоо хэмжээ “моль”, термодинамикийн тодорхойлолт “Кельвин“ нь байгалийн суурь тогтмолууд дээр үндэслэн гарч байна. Энэ нь хэмжил зүйн шинжлэх ухааны түүхэнд болж буй Францын хувьсгалын дараа орох томоохон өөрчлөлт болж байгааг оролцогсод болон BIPM-ийн захирал Дк.Мартин Милтон онцлон тэмдэглэжээ.
Хурлын үйл явцыг дэлхий нийтэд хамгийн түгээмэл хэлбэрээр Youtube-ийн сувгаар шууд дамжуулан нэвтрүүлжээ. Энэ томоохон өөрчлөлт нь биет хэлбэрээр тодорхойлогдож байсан олон улсын нэгжийн SI системийн ойлголтыг байгалийн хуульд тулгуурласан нэгжийн систем болгоход чиглэгдсэн юм. Өнөөдрийг хүртэл, массын нэгж “килограмм” нь 1889 онд Жин хэмжүүрийн I ерөнхий чуулганаар баталсан цагаан алт, иридиумаар хийсэн туухай буюу “олон улсын килограммын прототип” нь 130 жил шинжлэх ухаан технологид ашиглагдаж байсан бол одоо килограммыг “ватт баланс”-ын ашигласан туршилтын аргаар тогтоох Планкийн тогтмолын утгаар тодорхойлохоор болж буй. Гэвч “ватт баланс”-ын аргаар тогтоох Планкийн тогтмолын утгын харьцангуй эргэлзээ 2*10-8 –с бага байх шаардлагатай тул одоо мөрдөгдөж буй массын нэгж дамжуулалтын тогтолцоонд, цаашилбал хууль эрхийн хэмжил зүйд төдийлөн нөлөөлөхгүй юм. Олон улсын нэгжийн шинэ SI системийг 2019 оны 5 сарын 20-ноос эхлэн мөрдөх нь ээ.