Төрийн ордны Иргэний танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өчигдөр 60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Гэхдээ нэр нь нээлттэй гэж байгаа боловч нэдэр дээрээ хаалттай болж өнгөрсөн юм. Учир нь нээлттэй шүүх хуралд ч дурын хүн орж болдог байхад нээлттэй хэлэлцүүлэгт урьдчилан бэлдсэн нэрсийн дагуу оролцогчдоо бэлтгэжээ. Ер нь тэгээд Иргэний танхим гэдэг өөрөө бас түүхтэй эд. Маршал Х.Чойбалсангаас хойш төрийн бүх тэргүүнүүд сууж байсан өрөөг 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иргэний танхим болгосон юм. Түүнээс өмнө Төрийн ордонд иргэдэд дарга хүлээдэг хүлээлгийн өрөө гэж байснаас иргэд бодол саналаа хэлдэг тусгай өрөө байгаагүй хэрэг. Энэ сайн жишиг дорхноо түгэж өдгөө нийслэл, аймаг бүр зарим сум ч иргэний танхимтай болоод авсан. Иргэн хүн төрийнхөө ажилд оролцоход нээлттэй байх нэг алхам энэ юм. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга Иргэний танхим байсан өрөөнд нүүн орж, засвар хийлгээд авсан. Хэдийгээр Төрийн ордны гурван давхрын булангийн өрөө төдий боловч маршал Х.Чойбалсангаас хойш дотоод орчин сандал, ширээг нь өөрчлөөгүй байсан болохоор тэр үү зарим хүмүүс дургүйцэж л байлаа.
Тэр нь яахав, хамгийн гол нь Иргэний танхимыг Төрийн ордны өргөтгөлийн коридорт шилжүүлсэн. Ингэснээр хамгаалалт нь улам чангарч, иргэд тус танхимд орж үгээ хэлэх боломжийг улам хумьсан шийдвэр болж байв. Үүнийг ч өчигдөр нотлоод авлаа.
2016 оны УИХ-ын сонгуулиас хойш ярьж байгаа 60 тэрбумын гэх сэдвээр хийсэн хэлэлцүүлэг бараг л хаалттай шахам боллоо.
Урьдаас бэлдсэн хүмүүс баахан уриалгын шинжтэй үг хэлж “60 тэрбум” гэх хэргийг ярив. Шинэ зүйл ч байсангүй. Бас нэг анхаарал татаж буй зүйл нь шүүх, цагдаа, прокурор, АТГ гээд хууль хяналтын бүх байгууллагаар дамжаад хянагдсан, ямар нэгэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд тогтоочихсон асуудлыг Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэхээр хүлээж байгаа ийм цагт зохион байгуулж буй нь юм. Улс төрийн зорилготой жүжиг гэж үзэх ч үндэслэл үүнээс гарч байна. Хэрвээ үнэхээр улс орноо бодож байгаа бол өнөөдөр баримт нотолгоотой өчнөөн асуудал шүүрээд авахад бэлэн байна шүү дээ. Мөнгө төгрөгийн тоо нь ч аймар. Наад зах нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой хэргийг дурдаж болно. Засгийн газар, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад тэгшитгээд 950 сая төгрөгийн зээл гаргачихсан байгаа нь гайхмаар юм биш үү.
Хэвлэлээр "но"-той зээл нийтдээ 64 тэрбум төгрөг болсон гээд бичиж байна. Холбогдсон хүмүүс нь нэр нас, нутаг ус, албан тушаалтайгаа дурайгаад байж байхад анзаарагдахгүй байна гэж баймааргүй. Бүр байг гэхэд АСЕМ-ын асуудал гээд яваад байна. Үндэсний аудитын газраас гаргасан бэлэн тайлангууд ч бий. Арваар биш зуугаар яригдах тэрбум төгрөгийн асуудал энэ хэрэгт бий. Шалгалт шүүлэг хийсэн хүмүүс нь 17 албан тушаалтантай холбоотой гээд зарлаж байлаа. Концессын элдэв маргаан ч үргэлжлээгүй зүгээр дарагдаад өнгөрчихсөн юмдаг. Тэгэхээр ийм баримт, нотолгоотой асуудлуудаа биш өнөөх л “60 тэрбум” гэх асуудлыг ярьж байгааг ойлгоход бэрх.
60 тэрбум төгрөг босгох гээд хүмүүс ярьсан байя гэж бодъё. Ярьсан зүйлийг үндэс болгож яллах нь зөв үү.
Тухайлбал, өөрийнхөө дургүй хүнийг үхээсэй гэж бодвол гэмт хэрэгтэн болж, хүн амины хэрэг хүлээх үү. Эсвэл залуус муудалцаад нэгнээ “ална шүү” гэж зүгээр хэлсэн байя. Тэгвэл түүнийхээ төлөө шууд гэмт хэрэгтэн болох уу гээд асуултууд гарна. Энэ талаар ч тус нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон улс төр судлаач С.Зоригтбаатар ярьсан байна лээ. Тэрбээр “Яг одоо нийгэмд үүсээд байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл гээд бодитой баримттай юмыг яримаар байна.
ЖДҮХС-гаас зээл авахаар 802 аж ахуйн нэгж хүсэлт гаргасан юм билээ. Гэтэл тэр хүмүүст өгөх мөнгийг 80 хүнд өгчихсөн байгаа. Тэгвэл тэр их хэмжээний мөнгийг УИХ-ын гишүүд, эрх мэдэлтнүүдээс буцааж аваад өнөө зээлэнд хамрагдаж чадаагүй хүмүүстээ олгоё л доо. Ийм бодитой ажил зохион байгуулах хэрэгтэй.
Энэ мэтээр чадах зүйлээ хийгээд явах юм бол иргэдийн төрдөө итгэх итгэл сэргэнэ. Гэтэл 60 тэрбум гэж хууль хяналтын байгууллагаар нотлогдоогүй асуудлыг бид дөрвөн жил ярилаа. Цаашаа хэдэн жил ярихыг мэдэхгүй. Энэ асуудлаар сэжиглэж байвал иргэд бидэнд хууль зүйн хувьд 2020 оны сонгуулиар энэ хүмүүстэй хариуцлага тооцох эрх нь байна. Хатуу тооцох хэрэгтэй. Харин одоо үүний оронд бодитой жижиг дунд үйлдвэрийн зээл дээр тодорхой хэмжээгээр хариуцлага тооцох нь зөв болно. Ийм хууль зүйн хувьд боломж байна. Үүнийгээ бид ашиглах ёстой гэж харж байгаа” гэсэн юм. Үүнтэй санал нэг байна. Үнэхээр л нийгмээ эрүүлжүүлэхээр шулуудсан бол Иргэний танхимыг “хаалттай” болгох, нотлогдоогүй асуудлаар шүүх, цагдаа, хууль хүчнийхэнд гомдсон хүмүүсийг цуглуулж яриулаад байх нь оновчтой биш л дээ.
Б.Баяр