Америкийн эрдэмтэд Саймон Черри, Рамсей Бадави нар нэг удаагийн үзлэгээр өвчтний бүтэн биеийн рентген болон томограф зургийг авах боломжтой “Explorer” аппарат зохион бүтээжээ.
Урьд өмнө томограф зураг авдаг төхөөрөмжүүд хүний биеийн 3D хэмжээст зургийг бүтнээр нь бус хэсэгчлэн авдаг байсан бол “Explorer” нэг удаад бүтэн биеийг тойруулан маш богино хугацаанд зураг авах хүчин чадалтай.
Зохион бүтээгчид шинэ технологийн тусламжтайгаар өвчтнүүд хэт их бичиг цаас өргөдөлд дарагдахгүйн дээр эрт оношилгоо шинжилгээ хийлгэх боломж нээгдэнэ гэж хүлээж байна. Үүнийг дагаад шинээр эм бэлдмэл, эмчилгээ гаргаж авах судалгаанд ахиц дэвшил гарна гэж найджээ.
Энэ долоо хоногт Чикагод болох Хойд Америкийн рентген судлалын нийгэмлэгийн хурал дээр шинэ технологийн дэвшлийг ашигласан “Explorer” аппаратыг туршиж, анхны бүтэн биеийн рентген зургийг хэлэлцэх юм байна. Одоогоор дэлхий дээр үүн шиг хүний биеийг бүхэлд нь нарийн судлах төхөөрөмж байхгүй гэжээ. Бүтэн биеийн рентген зураг авахад 20-30 секунд л хангалттай аж.
Черри, Бадави нар 13 жилийн өмнө санаагаа олж 2011 онд Үндэсний Хорт хавдрын институтиэс 1,5 сая ам.долларын тусламж аван ажлаа эхлүүлсэн байна. Тэдний ажлыг дэмжиж 2015 онд 15,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт ирж “Explorer”-ыг зохион бүтээх ажил эцсийн шатандаа оржээ.
Эх сурвалж: www.medicalxpress.com