Гурав ба дөрвөн настай охидоо бие давхар 34 настай ээжийнх нь хамт бүрэлгэсэн Крис Ваттсын шүүх хурал болж өнгөрлөө. Колорадогийн шүүхээс гэмт этгээдэд ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оноосон байна.
Крис Ваттсын гэргий Шанан Ваттс, охид Келесте, Белла нар өнгөрсөн наймдугаар сарын 13-ны өдрөөс хойш ор сураггүй алга болжээ. Бяцхан охидын цогцосыг газрын тосны чингэлгээс олсны дараа ээжийнх нь цогцосыг шалбаагт булсан байсныг олсон аймшигт хэрэг гарсан.
Гэр бүлийнхнээ бүрэлгэсэн уг хэргийг өршөөл үзүүлэх боломжгүй, хүний ёсноос гажууд хамгийн аймшигт хэрцгий гэмт хэргүүдийн нэг гэж үзэн цаазаар авах ял оноосон байж. Гэвч хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн гэмт этгээдийг бүх насаар нь хорих ял эдлүүлэх хүсэлтэй байсан тул хүсэлтийг нь хүлээж авчээ.
33 настай гэмт хэрэгтэн Ваттс эхнэр, охидоо алга болсны дараа гэнэтийн цочролд орсон дүр эсгэж “хайртай хүмүүсээ аюулгүй эргэж ирээсэй гэж хүсч байна” хэмээн орон нутгийн телевизэд худал яриа өгчээ. Мөн орон нутгийн цагдаа нарт “эхнэрээсээ салмаар байна гэдгээ хэлсэн өдөр ор сураггүй алга болсон” гэж мэдүүлсэн байжээ.
Цагдаа нарын мэдэгдсэнээр гэмт этгээд бие давхар эхнэрээ боомилж, гурав ба дөрвөн настай охидоо бүтээж амийг нь авсан байна. Ваттс гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө хамт ажилладаг 30 настай бүсгүй Никол Кессинжертэй дотно холбоотой байсан ба эхнэрээсээ бараг салсан гэдгээ бүсгүйд хэлсэн гэх мэдээ байгаа ч албан эх сурвалж энэ талаар нотлоогүй.
Шүүх хурал дээр амиа алдсан хохирогчийн аав Франк гэмт этгээдэд хандан “Чамайг тэднийг алах биш анхаарал тавина гэж итгэсэн. Гэтэл чи тэднийг хог шиг л хаясан. Чи үлдсэн амьдралынхаа хором мөч бүр энэ тухайгаа бодох болно. Чамайг цаазаар авахуулах боломжтой ч надад тийм эрх байхгүй. Бурхан чамд хангалттай талархаасай гэж би залбирна” гэжээ.
Харин гэмт этгээдийн ээж Синди Ваттс “Би чамд үргэлж хайртай байсан, одоо ч гэсэн. Гэхдээ болсон явдлыг чин сэтгэлээсээ үзэн ядаж байна” хэмээн өгүүлсэн байна. “Энэ бүх хэрэг явдлын дараа ялтан гэмээ ухаарсан” гэж өмгөөлөгч нь хэлжээ.
Эх сурвалж: www.bbc.com