СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-20

Засаг огцруулах 36, хамгаалах 37, “хайнааг хагалах” хоёр кноп

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Засгийн газар, УИХ­ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан дуулиан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар үргэлжилж байна. Тодруулбал, УИХ­ын гишүүн Д.Хаянхярваагийн Засгийн газрыг огцруулах албан бичигт

Н.Амарзаяа
Ё.Баатарбилэг
Б.Бат­Эрдэнэ
Ж.Бат­Эрдэнэ
М.Билэгт
С.Бямбацогт
Д.Ганболд
Б.Дэлгэрсайхан
Л.Мөнхбаатар
Ж.Мөнхбат
Ц.Мөнх­Оргил
Г.Мөнхцэцэг
Н.Номтойбаяр
Н.Оюундарь
Д.Оюунхорол
Б.Саранчимэг
О.Содбилэг
Г.Тэмүүлэн
Д.Тэрбишдагва
А.Ундраа
Б.Ундармаа
Ц.Цогзолмаа
Б.Чойжилсүрэн
Л.Энх­Амгалан
М.Энхболд
Ж.Эрдэнэбат

нарын гишүүд гарын үсгээ зуржээ. Ийнхүү 27 гишүүний гарын үсгийг нэгтгэсэн бичгийг тэд өчигдөр УИХ­ын даргад өргөн барьсан юм. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг долоо хоногийн дотор чуулганаар хэлэлцэх үлдэж байна. Ерөнхий сайдын хувьд ЖДҮХС­гийн зээлтэй холбогдсон гишүүдтэй хариуцлага тооцох гэхээсээ илүүтэй үүнийг гаргаж тавьсан УИХ­ын гишүүн Д.Хаянхярвааг албан тушаалаас нь огцруулсан, мөн асуудалтай хамааралгүй УИХ­ын дарга, нийслэлийн Засаг дарга нарыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг оруулсан хэмээн олон нийтийн шүүмжлэлийг хүртэж байгаа.


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өчигдөр Ерөнхий сайдыг огцруулах албан бичгийг өргөн барьсныхаа дараа хэвлэлд хандаж “Би Монголын ард түмний өмнө төрийг тогтвортой байлгаж, ард түмний амьдралыг сайжруулах үүрэг хүлээсэн төрийн түшээ, МАН-ын дарга толгойлж байгаа энэ Засгийн газрыг огцруулахаар МАН-ын нэр бүхий 27 гишүүн өргөн барьж байгаадаа хүлцэл өчиж, Монголын ард түмнээс уучлал гуйж байна. Өнөөдөр Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учрах нөхцөл байдал үүссэн учраас бид Монгол Улсынх гэх нэг том эрх ашиг байхаас биш намын эрх ашигт захирагдах ёсгүй гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж байна.

Тодруулбал, Ерөнхий сайд ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий аж ахуй нэгжүүдэд хууль тогтоомж зөрчин тэрбум тэрбумаар нь тараасан Засгийн газрын гишүүд болон төрийн бусад албан хаагчдад ёс зүйн хариуцлага хүлээлгээгүй. Үндсэн хуульд захирагдаж, төрийн хуулийн хэрэгжилтийг нь хангах үүрэгтэй Ерөнхий сайд гудамжны эмх замбараагүй жагсаал цуглаанд уриалсан уулзалт зохион байгуулж Монгол төрийн тогтворгүй байдал, нийгмийн дэг журмыг алдагдуулахад хүргэж болзошгүй үйлдэл хийсэн. Гадаадын иргэнд лиценз дамлан зарсан. Монгол Улсын төсвийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгчийн зүгээс удаа дараа Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, дахин боловсруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч төсвийн хөрөнгөд тусгаж аж үйлдвэрийн цогцолборыг бий болгох чиглэлд анхаарах саналыг тавьсаар байтал 2019 оны төсвийг боловсруулж оруулж ирэхдээ уг асуудлыг оруулж ирээгүй. Төсөв батлагдсны дараа Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа.

Хоригийг хүлээж авбал 2019 оныг төсөвгүй угтах, ингэвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж гээд олон зардлыг санхүүжүүлэх боломжгүй болох ноцтой үр дагавар гарна. Мөнгө угаах, оффшор бүсэд нуугдсан хөрөнгийг оруулж ирэх асуудлаар УИХ олон удаа ярьсан. Энэ асуудлаар Засгийн газар анхаарал хандуулаагүй. Төрийн хамгаалалтанд байдаг албан хаагч ажлын байран дээрээ алагдсан. Төрийн албан хаагчаа ажлын байран дээр хамгаалалтанд байхад нь хамгаалж чадахгүй байгаа нь ард иргэдийн амьдралд ноцтой асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Гадаадын тусгай албан хаагч Монголын нутаг дэвсгэрээс хүн хулгайлах үйл ажиллагаа явуулахыг завдсан. Үүнийг Монгол Улсын Засгийн газартай тохирсон гэж удаа дараа мэдэгдээд байхад өнөөдрийг хүртэл Засгийн газраас ямар нэгэн хариу өгөхгүй байгаа нь энэ үйлдэл нь өөрөө хүний эрх эрх чөлөөг хангах Үндсэн хуулийн тулгуур зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна гэж үзэж байна.

Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах асуудал орууллаа” гэсэн юм. Хэдийгээр УИХ дахь МАН-ын 27 гишүүн нэгдэж Засгийн газрыг огцруулах асуудал хөндсөн ч тус бүлэгт цаана нь 37 гишүүн үлдэж байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн хувьд Засгийн газрыг огцруулах асуудал хэрвээ чуулганд орж ирсэн тохиолдолд дэмжинэ гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Тэгвэл тус бүлгийн есөн гишүүн нэмэгдсэнээр огцруулах кноп 36 болно. УИХ 75 гишүүнтэй байгаа одоогийн нөхцөлд аль нэг тал нь 38 кноп цуглуулж байж ялах юм. Хэдийгээр МАХН-ыг УИХ-д төлөөлж буй О.Баасанхүү Засгийн газар огцрох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан ч яг хуралдааны үеэр ямар шийдвэр гаргах нь эргэлзээтэй. Түүн дээр бие дааж УИХ-д сонгогдсон С.Жавхлан гишүүн бий. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг идэвхтэй шүүмжилж ирсэн нэгэн. Гэхдээ Засгийн газар огцрох эсэх асуудал дээр өдийг хүртэл тодорхой байр сууриа илэрхийлээгүй яваа юм. Тэгэхээр нэгэнт 27 гишүүн гарын үсгээ зурж АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн энэ үед УИХын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нар эрх баригч намын Засгийн газар огцрох эсэх асуудалд цэг тавьж “хайнааг хагалах”ад гол үүрэгтэй оролцох нь тодорхой болоод байна.

Ж.Баярсайхан

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.