Автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчдийн нэг “Ниссан”-ын захирал Карлос Госн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болсон удирдах зөвлөлийн хурлын дараа ажлаа хүлээлгэж өгсөн.
Түүнийг ажлаа хүлээлгэж өгөөд удаагүй байхад санхүүгийн маргаантай асуудлаас болж баривчилсан байна. Компанийн эд хөрөнгийг хувьдаа завшсан, орлогын мэдээллийг нуун дарагдуулсан гэж үзжээ. Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан”-ын удирдах зөвлөлийн гишүүд илүү мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.
Мөн Госныг баривчилсан прокурорын байгууллагаас албан ёсны тайлбар хийгээгүй байна. Дэлхийд зургадугаарт ордог автомашин үйлдвэрлэгч компанийн ерөнхийлөгч Хирото Сайкава “энэ мэдээг сонсоод маш их гутарч, дургүй хүрлээ, бусад хүмүүст ч бас надтай адилхан мэдрэмж төрсөн байх” хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
“Ниссан” компани томоохон цохилтын дараа нөхцөл байдлыг тогтворжуулж, өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд анхаарлаа хандуулна гэлээ. Албан бус эх сурвалжийн мэдээгээр Госн 2011 оноос хойш таван жилийн хугацаанд таван тэрбум иен компаниас хувьдаа завшсан байна. Госны туслахаар ажиллаж байсан Грег Келли ажлаасаа халагдаж, баривчлагдсан тухай мэдээлжээ.
Карлос Госн Ливан гаралтай Бразили улсад төрсөн Францын иргэн бөгөөд түүний амжилтанд хүрсэн замналаар Японы хамгийн алдартай зурагт номонд цуврал бүтээл хийсэн байдаг.
Эх сурвалж: www.bbc.com