Америкийн эрдэмтэд цаг уур ба согтууруулах ундааны хамаарлыг судалжээ. Ингэхэд хүйтэн сэрүүн, нарны тусгал бага газарт амьдардаг хүмүүс согтууруулах ундаа хэрэглэх илүү дуртай байдаг гэсэн дүгнэлт гарсан байна.
Дэлхийн 193 орны агаарын дундаж температур, нар тусах хугацаа, согтууруулах ундааны хэрэглээг харьцуулан судалжээ. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр элэг өвчлөх магадлал нэмэгддэг байна.
Тиймээс эмч мэргэжилтнүүдийн зүгээс өвлийн цагт согтууруулах ундааны сурталчилгаа явуулахгүй байхыг уриалжээ. Питсбургийн элэгний судалгааны төвийн дэд захирал Рамон Баталлер “анх удаа дэлхий даяар хүйтэн ба үүлэрхэг цаг агаар согтууруулах ундаа хэрэглэх сэдэл болдог гэдгийг Америкийн эрдэмтэд судалж тогтоолоо” хэмээн мэдэгджээ.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үед судасны ханыг тэлж арьсны гадаргуу руу халуун дулаан мэдрэгдэж эхэлдэгтэй холбоотой байж болно гэв. Нөгөө талаар нарны тусгал бага газарт сэтгэл санааны тогтворгүй байдал үүсдэг. Тиймээс хүмүүс сэтгэл санааны байдлаас шалтгаалан согтууруулах ундаа хэрэглэх нь нэмэгддэг байж болзошгүй юм.
Эх сурвалж: www.bbc.com