Морин спорт уяачдын холбоо “Төв 2018” уяачдын зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөний нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч бөгөөд Төв аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн Ч.Сарангэрэл, Монголын Морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан болон аймаг, сумдын Морин, спорт уяачдын холбооны Тэргүүн, тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар, морины зүтгэлтнүүд оролцжээ.
Төв аймгийн Морин спорт уяачдын холбоо нь 1996 оны хавар Монголын морин спорт уяачдын холбооны анхны Тэргүүн Г.Пунцагбалжир агсан, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү тэргүүтэй төрөлх нутгийн уяачид морины зүтгэлтнүүдийн үүсгэл санаачилгаар уяачдын анхны хурлыг зарлан хуралдаж, Төв аймгийн уяачдын салбар хороог байгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Уламжлалт адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, залгамж чанарыг хадгалах нь чухал тул энэ удаагийн зөвлөгөөн нь холбооны шинэ бүтэц бүрэлдэхүүний зүгээс өргөтгөсөн хэлбэрээр буюу 27 сумыг хамруулан зохион байгуулав. Уяачдын зөвлөгөөнд 97 морьны зүтгэлтэн, уяачид оролцсон бөгөөд цаашдын бодлого зорилтоо хэлэлцэн, олон санал санаачилга дэвшүүлэн уламжлал, шинэчлэлийг төр засгийн бодлого шийдвэртэй уялдуулж морин спорт уяачдын холбооны гүйцэтгэх үүрэг, уяач морины зүтгэлтнүүдийн үүрэг оролцоо, олон нийтийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх тухай зөвлөмж гарган цаашид хэрэгжүүлэн ажиллах уриалга гаргасан байна.
Энэ үеэр уяачдад гишүүний үнэмлэх гардуулан Монголын Морин спорт уяачдын холбооны “Уяачийн алдар тэмдэг”-ээр гурван уяачийг шагнажээ.