Монгол Улсын эрдэс баялгийн экспортын гол боомт болох Гашуунсухайтад нүүрс тээвэрлэсэн автомашинуудын урт цуваа дахин үүсээд байна. Шалтгааныг тодруулахаар “Гашуунсухайт автозам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болдтой уулзлаа.
-Гашуунсухайтын авто замаар хэчнээн хэмжээний нүүрс экспортлоод байна вэ. Экспортын хэмжээ сарын дунджаар харьцуулахад өнгөрсөн оныхоос буурсан уу?
-Энэ сарын 1ний байдлаар 15.1 сая тонн нүүрс Гашуунсухайт боомтоор экспортод гаргаад байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний экспортын сарын дундаж нэг их зөрүүгүй байгаа.
-Өдөрт нэвтрэх нүүрс тээврийн машин тоо өмнөхөөс хоёр дахин багассан байна шүү дээ. Экспорт төлөвлөсөн хэмжээнд биелэх боломж бий юу?
-Өнгөрсөн онд нийт 17.1 сая тонн нүүрс экспортолсон. Харин одоо БНХАУын талаас гаалийн татан авалт эрс багассанаас нүүрсний экспорт тасалдаж магадгүй нөхцөл харагдаж байна. Энэ жилийн хувьд сард 1.11.5 сая тонн нүүрс гаргаж байгаа. Уг нь энэ эрчээрээ явбал өнгөрсөн оныхоос экспортын хэмжээ буухгүй гэсэн тооцоо бий л дээ.
-Гэтэл дахиад л урт цуваа үүслээ. Энэ удаад ямар шалтгаан үүсэв?
-Энэ сарын 1-нийг хүртэл өдөрт дунджаар 1200-1300 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол одоо боомтоор өдөртөө 550650 нүүрс тээвэрлэсэн машин нэвтэрч байна. БНХАУ-ын пүү эвдэрсэн, жолооч нарын карт болон машины чип шинэчилсэн, гаалийн программдаа өөрчлөлт оруулсан, “Смарт” тохиргоотой хаалт хийж байгаа зэрэг шалтгаанаар нэвтрүүлэх хэмжээ саармагжаад байгаа. Ер нь Хятадын хил нэвтрүүлэх үзлэг шалгалт ч чангарсан. Тиймээс урт дараалал үүсэх болсон нь Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй гэсэн үг.
-БНХАУ-ын талаас тээвэрлэлтийн татан авах замаа хуучин хэмжээндээ хүргэж нэмэгдүүлбэл энэ асуудал цэгцрэх хамгийн ойрын шийдэл байх. Гэхдээ урт дарааллын асуудлыг өөрсдөө шийдвэрлэх ямар гарц байж болох вэ. Энэ чиглэлээр холбогдох байгууллагуудын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Өнгөрсөн пүрэв гаригт УУХҮЯ дээр энэ асуудлаар холбогдох байгууллагууд уулзалт хийж, хэд хэдэн төрлийн арга хэмжээ авахаар тохиролцсон. Шөнийн ачилтаа багасгая, уртын урт рейсийн хэмжээг эрс багасгая, ачаатай болон хоосон машинуудыг цагийн хуваарьт оруулъя, мөн гаалийн байгууллагаас урьд өдөр нь хилээр гарсан машины тоо хэмжээтэй уялдуулж манифест, лацаа тараах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохиролцсон. Уурхайгаас нүүрс ачсан машинуудыг Цагаан хад руу буулгахад нь тодорхой цагт оруулах, Цагаан хаднаас нүүрсээ ачаад боомт руу явах гэж байгаа машинуудыг тодорхой цагт зам дээр гаргах байдлаар графиклаж шийдэхгүй бол түгжрэл үүсч зам хаагддаг юм. Мөн хугацаа нь дуусч байгаа “С” зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдсэн.
-Тоог түр хугацаанд хязгаарлана гэсэн үг байх нь ээ. Нүүрсний тээвэр аль болох их байвал эдийн засгийн ач холбогдолтой хэдий ч тээврийн хэрэгслийн тоо хэт их байгаа нь урт дараалал үүсэх гол шалтгааны нэг байх. Одоогоор ер нь хэчнээн компанийн хэдэн тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна вэ?
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто зам дээр өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй 161 аж ахуйн нэгжийн 13079 тээврийн хэрэгсэл 24 цагаар нүүрс тээвэрлэлт хийж байна. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний байдлаар 74 аж ахуйн нэгжийн 6747 машин явж байсан. Нүүрс тээвэрлэх сонирхолтой байгууллагын тоо нэмэгдсэн. Гэхдээ эдгээр тээврийн хэрэгслийн 6000 орчим нь АТҮТ-өөс “С” зөвшөөрөл авч олон улсын тээвэр хийх эрхтэй байдаг. Бусад нь дотоодын тээврийг хийж гүйцэтгэдэг.
-Урт дарааллыг тодорхой хэмжээнд цэгцлэхэд жолооч нарын амралтын төв их ач холбогдолтой гэж ярьж байгаа. Өнгөрсөн хавар Ерөнхий сайд очиж боомтын байдалтай танилцсаны дараа Засгийн газраас хоёр ч шийдвэр гарсан. Энэ дагуу Гашуунсухайт боомтыг хөгжүүлэх талаар хийж байгаа ажилд ямар ахиц гарав?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн болон УУХҮ-ийн сайд нар боомтын ажиллагаатай танилцсан. Нүүрсний тээвэр хийж байгаа жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгал зэрэгт онцгой анхаарахыг Ерөнхий сайд даалгасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу Гашуунсухайт авто замын хоёр дахь км дээр 1000 машины зогсоол 228 дахь км дээр 2800 машины зогсоол буюу амралт үйлчилгээний цогцолбор баригдаж байна. 228 дахь км дэх цогцолбор нь эмнэлгийн болон цагдаагийн байртай, нэг удаад 300 хүн зэрэг хооллох хүчин чадалтай заал, 200 хүний үзвэрийн танхимтай байх юм. Энэ төв дээр цаашдаа жолооч нарт Нийгмийн даатгалын “Нэг цонхны” үйлчилгээ үзүүлэхээр зорьж байгаа.
-Хэзээ ашиглалтад орох вэ?
-Ирэх сарын 20 гэхэд зогсоолын эхний ээлжийг ашиглалтад өгөх, ирэх оны гуравдугаар сарын 1 гэхэд иж бүрнээр нь ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зогсоолууд ашиглалтад орсноор очер дараалал эмх цэгцэндээ орж, осол зөрчил ч багасна.
-Осол зөрчил олон шалтгаантай байх аа. Гэхдээ “Эрдэнэс Монгол” компаниар их овоглогдох юм?
-Манай гэрээт цагдаагийн тасгийн гаргасан тоогоор энэ оны эхний 11 сарын байдлаар 464 осол зөрчил гарсан. Энэ зөрчлийн 90 гаруй хувь нь жолоочийн сонор сэрэмжгүй хариуцлагагүй байдал, бүрэн бус техникээс шалтгаалсан байдаг. Урсгал сөрж эсрэг талын машинтай мөргөлдөх, мөргөлдөхөөс зайлуулж замын хажуу руу унах, тоормосгүй машинтай хөдөлгөөнд оролцох, цувааны араас мөргөх, тормосгүйн улмаас зам хөндлөн гарч байсан мал, амьтныг дайрах, хулгайн замаар давхих, архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гарах зөрчлүүд их бий. Гэрээт цагдаагийн тасгийн албан хаагчид осол зөрчил бүрийг өдөр минуттай нь бүртгэж, зургаар баримтжуулдаг.
-Гэрээт цагдаагийн тасаг хэчнээн хүнтэй ажилладаг вэ. Цагдаагийн тасаг сайн ажиллаад зөрчил их илрүүлээд байна уу, тээвэр хийдэг компаниуд олон болчихоод зөрчлийн тоо ихэсчихэв үү, ер нь хэрэг зөрчлийн мэдээ тасрахгүй юм?
-Гэрээт цагдаагийн тасаг 26 хүнтэй. 13 нь хэв журмын, 13 нь замын цагдаагийн ажилтнууд юм. Гэмт хэргийг гарахаас нь өмнө зөрчлийг олж илрүүлэх нь Цагдаагийн байгууллагын ажлын сайн үзүүлэлтэд тооцогддог. Гэрээт цагдаагийн тасаг ажилласнаас хойш зам дагуу хоолны газар мухлагаар зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа эмх замбраагүй зардаг байсныг зогсоосон. Хулгайн замаар замбараагүй давхидаг зөрчил багассан.
-Замын эвдрэл, үүссэн нүх ховилоос болж осол гарлаа гэх мэдээ харин дуулдахгүй болсон байна шүү. Энэ жилийн олон удаагийн үерээс болж эвдэрсэн замууд бүрэн засагдаж дууссан уу?
-Энэ жил ойрын жилүүдэд тохиогоогүй их хэмжээний усархаг аадар бороо орж байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үерийн улмаас манай замын 36 хэсэгт их, бага хэмжээний эвдрэл гарч таван газарт нэг чигийн урсгал бүрэн эвдэрч унасан. Бид үерийн хохирлыг арилгах зорилгоор гурван газарт ус зайлуулах хоолой шинээр хийж, гурван газарт далан өндөрлөх ажил хийсэн. Засварын ажил 100 хувь дууссан. Гэхдээ үер буусан өдрүүдэд манай хамт олон нүүрсний экспортыг нэг ч өдөр зогсоогоогүй. Түр зам гаргах, шороо буулгаж тэгшлэх гэх мэтээр нүүрс тээврийн эрчмийг бууруулалгүй шуурхай ажиллаж, өдөр бүр 1200-1300 машин гаргаж байлаа. Засвар гүйцэтгэлийн ажил бүрэн дуусаж Улсын комисс хүлээж авсан. Ер нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, нүүрсний эрчмийг сулруулахгүй байхад гааль, хилийн цэрэг, яамдууд, уурхайнууд, АТҮТ, сум орон нутаг, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш сайн байгаатай холбоотой.
-Экспортын найдвартай ажиллагааг хангахад замын бүрэн бүтэн байдал хамгийн чухал байх. Цаашдаа замын засвар хариуцсан гүйцэтгэх төв байгуулж ажиллах санаачилга гарч байсан. Хэрэгжих үү?
-Ирэх жилээс замын засвар, арчлалтыг гүйцэтгэх төв байгуулахаар “Эрдэнэс Монгол” компани ажиллаж байгаа. Судалгааны ажил хийгдэж байна. Ер нь зам засвар арчлалтад бид байнга анхаарч байгаа. Өнгөрсөн онд 11.2 тэрбум төгрөгний засвар үйлчилгээний ажил хийсэн бол энэ онд 18 тэрбум төгрөгийн засвар оруулсан.
-Яг одоогийн байдлаар Гашуунсухайт боомт дээрх ачаалал ямар байгаа бол энэ талаар шуурхай мэдээлэл авч болох уу?
-Өнөөдрийн (өчигдрийн) 18.30 цагийн байдлаар Гашуунсухайт авто зам дээр 110 км урт дараалал үүсээд байгаа мэдээ утсаар өгч байна.
С.Хүрэл