Өчигдөр хуралдсан (2018.11.17) ээлжит чуулганаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Чүлтэмийн Улааныг томилохоор дараалалд оруулсан ч уг асуудлыг ирэх 7 хоногт хэлэлцэхээр болж хойшлууллаа. Учир нь шинэ сайдын асуудлыг нэгдсэн хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулах байсан ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүнийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах ёстой. Иймээс Ерөнхий сайдыг нэгдсэн хуралдаанд оролцуулах горимын саналтай байна гэдгээ хэллээ.
Хуралдаан даргалагч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн саналыг хүлээн авсанаар сайдыг томилох асуудал түр хойшлогдлоо.
Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат: -Засгийн газрын гишүүнийг томилуулах асуудлыг өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд Ерөнхий сайд, Шадар сайд нарын аль аль нь байгаагүй. Манай намын бүлэг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг ярихгүй бол Засгийн газрын гишүүнийг томилуулах асуудлыг ярихгүй, нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа гээд Ерөнхий сайдыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох хүртэлх хугацаанд завсарлага авах хүсэлт гаргасан юм.