Монгол Улсын Засгийн газрын 2018.11.14-ний өдрийн ээлжит хуралдаанаар БТС-ын шинжлэх ухааны бие даасан бүтэц бий болгохыг засгийн газрын гишүүд дэмжиж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөв. Монголд биеийн тамир спортын салбар үүсэж хөгжөөд 100 гаруй жил болж байгаа ч өнгөрсөн хугацаанд салбартаа эрдэм судалгаа шинжилгээний биеэ даасан төв, бүтэцтэй байгаагүй. Харин энэхүү хурлын тэмдэглэл гарснаар эрхзүйн бичиг баримт гаргах мөн төв болгох, тогтоол гаргах суурь тавигдлаа. Ингэснээр манай улс түүхэндээ анх удаа "Спортын эрдэм шинжилгээ, судалгааны төв" буюу БТС-ын шинжлэх ухааны бие даасан бүтэцтэй болох суурь тавигдаж байна.
"Спортын эрдэм шинжилгээ, судалгааны төв"-тэй болсон нь зөвхөн спортын тамирчин, дасгалжуулагчид бус нийт хүн амын эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг хангах хамгийн том зорилтыг шийдэж буй юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт дасгалжуулалтын суурь загвар, стандарт бий болгох, судалгааны ажлыг хөгжүүлэх, спортоор хичээллэж байгаа хүмүүст эмнэлгийн хяналт тавих, монголд нүүрлээд буй таргалалт, хөдөлгөөний дутагдлал, сахарын шижин өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулилалт хийх таатай орчныг бүрдүүлэх, мөн улс орны тогтвортой хөгжлийг хангах юм.
Энэхүү түүхэн чухал ач холбогдолтой ажлыг эхлүүлэхэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын референт Г.Оюунтунгалаг болон бусад албаныхан гар бие оролцон, дэмжиж ажиллалаа.