Дугуйн спортын цуврал “Tour of Lishui” тэмцээн БНХАУ-ын Нанжин хотод болж, бөөн гараатай 150 км-ын уралдаанд эх орноо төлөөлж оролцсон дугуйн спортын залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр тэргүүн байрт шалгарав. Тэрбээр тус тэмцээнд оролцохын тулд бэлтгэл сургуулилалтаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Швейцарь улсад базаажээ.
Монголоос энэ төрөлд 2016 онд Щвейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс залуучуудын анхны дэлхийн аварга болсон тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Малайз улсын Куала Лампур хотод болсон дугуйн ханан тойргийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.
Энэ жил 20 нас хүрч буй Б.Тэгшбаяр Монголын дугуйн спортын түүхэнд шинэ түүх бичсээр. Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубээс тамирчны гараагаа эхлүүлсэн тэрбээр өдгөө “Алдар” спорт хороогоор овоглодог тамирчин. Түүний дасгалжуулагчаар ОУХМ Т.Төгөлдөр ажиллаж буй.