Умард Солонгос, АНУ-ын харилцаа тун эмзэг байгаа энэ үед Ким Жон Ун шинээр бүтээсэн хэт орчин үеийн цэргийн зэвсэг туршсан байна. Энэ тухай төрийн мэдлийн телевизээрээ дамжуулан мэдэгджээ.
Залуу удирдагч Ким Батлан хамгаалахын Шинжлэх ухааны академийн байранд хийсэн шинэ туршилтанд байлцсан гэдгийг Умардын төрийн мэдлийн телевизээр дамжуулсан ба шинэ зэвсгийн төрлийг дурдаагүй байна. Мөн “туршилт амжилттай болсонд удирдагч Ким сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн салбарт барьж буй эрх баригч Коммунист намын бодлого бүрэн хэрэгжиж байна” гэжээ.
Вашингтон, Пхеньяны эрх баригчид цөмийн хөтөлбөрийг зогсоох гэрээ хэлэлцээрийг эхлүүлснээс хойш анх удаа Умард Солонгос цэргийн зэвсгийн туршилт хийснээ албан ёсоор олон нийтэд зарлаж байна. Өмнөд Солонгос улс зуучилснаар Умардын тал цөмийн болон пуужингийн туршилтаа түр зогсоохоор болсон ч баллистик пуужин турших зориулалттай 13 нууц бааз үйл ажиллагааг явуулсаар байна гэж өрнөдийн хэвлэлээр мэдээлээд буй.
Пхеньяны зүгээс энэ сард болсон АНУ, БНСУ-уудын хамтарсан цэргийн сургуулилалтыг хурцаар шүүмжилсэн. Мөн Нэгдсэн улсын Батлах хамгаалахын сайд Майк Помпеотой хийх байсан уулзалтаа цуцалсан.
АНУ-ын Төрийн департаментаас Умардын хэт шинэ үеийн зэвсгийн туршилтын хариуд “Сингапурт болсон түүхэн уулзалтын үеэр талуудын харилцан зөвшилцсөн байр суурь хэвээр байгаа гэдэгт итгэж байна. Ерөнхийлөгч Трамп, удирдагч Ким нарын өгсөн амлалт бүрэн хэрэгжинэ гэдэгт найдсаар байна” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: www.usatoday.com