Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээн өнөөдөр эхэлж манай бөхчүүд урамтай сайхан барилдаануудыг үзүүлж байна.
Өнөөдөр барилдсан манай 6 жүдочоос 3 бөх медалийн төлөө шалгараад байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг жинд Д.Амартүвшин алтан медалийн төлөө, мөн жингийн хүрэл медалийн төлөө МУГТ Г.Болдбаатар, 66 кг жинд хүрэл медалийн төлөө Д.Алтансүх нар барилдахаар тунан үлдээд байлаа.
Алтан медалийн төлөө Д.Амартүвшин Япон улсын жүдоч Аоки Дай-тай барилдан нэмэлт цаг дээр нилээн хүнд барилдааныг хийн ялж АЛТАН медаль хүртлээ.
60 кг жингийн хүрэл медалийн төлөө МУГТ Г.Болдбаатар Бразил улсын жүдоч Китадай Фелипэ-тэй барилдан мөн ялснаар хүрэл медаль хүртлээ.
Тун удахгүй 66 кг жингийн хүрэл медалийн төлөө Д.Алтансүх Герман улсын тамирчин Сейдл Себестиантай барилдах гэж байна. Герман улсын тамирчин Сейдл Себестиан нь жиндээ 1291 оноотой дэлхийн чансааны 32-т эрэмблэгдэж байгаа тамирчин юм. Урьд өмнө нь хоёр тамирчин дөрвөн удаа учраа тааран барилдаж хожлын харьцаа тэнцүү байгаа бөгөөд өнөөдөр хайнаагаа хагалах барилдаан болох юм.
Шууд үзэх: