Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээн өнөөдөр эхэлж манай бөхчүүд урамтай сайхан барилдаануудыг үзүүлж байна.
Энэ тэмцээнд 62 орны 412 шилдэг жүдочид оролцож байна. Манай улсаас түрүү 7 хоногт Такшкентийн гран при тэмцээнд оролцсон МУГТ Г.Болдбаатар тэргүүтэй 10 жүдоч барилдах юм.
Өнөөдөр барилдсан манай 6 жүдочоос 3 бөх медалийн төлөө шалгараад байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг жинд Д.Амартүвшин алтан медалийн төлөө, мөн жингийн хүрэл медалийн төлөө МУГТ Г.Болдбаатар, 66 кг жинд хүрэл медалийн төлөө Д.Алтансүх нар барилдахаар тунан үлдээд байна.
60кг жингийн D хэсгийн аварга МУГТ Г.Болдбаатар, С хэсгийн аварга Д.Амартүвшин нар хагас шигшээд хоорондоо учраа тааран барилдаж Д.Амартүвшин ялсан юм. Манай тамирчид хоорондоо өмнө нь олон улсын дэвжээнд 7 удаа барилдаж Д.Амартүвшин 5 удаа ялаад байсан юм.
Алтан медалийн төлөө Д.Амартүвшин Япон улсын жүдоч Аоки Дай-тай барилдахаар боллоо.
Япон улсын жүдоч Аоки Дай нь 126 оноотойгоор 60кг жинд дэлхийн чансааны 152-т эрэмблэгдэж байна. Харин манай Д.Амартүвшингийн хувьд 3514 оноотойгоор дэлхийн чансааны 7-д эрэмблэгдэж байгаа юм. Энэ жил 24 настай Япон улсын жүдоч Аоки Дай өнөөдөр бүх өрсөлдөгчдөө хугацаанаас өмнө цэвэр ялсан шаггүй сайн тамирчин юм.
60 кг жингийн хүрэл медалийн төлөө МУГТ Г.Болдбаатар Бразил улсын жүдоч Китадай Фелипэ-тэй барилдана. Тэрээр 588 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 61-т эрэмблэгдэж байгаа бол МУГТ Г.Болдбаатар 2464 оноотойгоор дэлхийн чансааны 15-д эрэмблэгдэж байна. Бразил улсын жүдоч Китадай Фелипэ өнөөдөр Д.Амартүвшинтэй алтын төлөө барилдах Япон жүдочоос бусад бүх өрсөлдөгчөө хугацаанаас өмнө цэвэр ялсан бас л шаггүй сайн жүдоч юм.
66 кг жингийн хагас финалын барилдаанд Д.Алтансүх харамсалтайгаар ялагдал хүлээсэн ч хүрэл медалийн төлөө Герман улсын тамирчин Сейди Сэбэстиан болон Босни Герцогевайн улсын тамирчин Задро Петар нарын хэн ялсантай нь барилдахаар боллоо.
Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 24 цагт явагдана.
Шууд үзэх: